Б.Батбаатар: З.Энхболд 2016 онд "Миний саналаар л нэр дэвшүүлэхгүй бол АН сонгуульд намаараа орохгүй" гэж тулгасан

УИХ-ын гишүүн асан, Иргэний Зориг-Ногоон Намын дэд дарга Батын Батбаатартай ярилцлаа.
 
МАХН, МНН-ын эвсэлд ИЗНН нэгдэх болсон шалтгаан нь юу вэ?
 
 ИЗНН-ын Удирдах зөвлөл хуралдаад, МАХН, ИЗНН хамтарсан санамж бичиг үйлдэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэ санамж бичиг нь уг хоёр нам 2020 онд эвсэл болохын сацуу бусад улстөрийн намуудыг уриалан дуудан, “Их эвсэл” болж сонгуульд оролцох нь зүйтэй гэсэн агуулгатай. Ард түмний эрх ашиг, байгалийн баялаг, шударга ёсны үүднээс УИХ-ын сонгуульд эвсэж орох нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хүрээнд энэ ажил явагдаж байгаа юм. 
 
МАНАН дэглэмийн нийгэмд учруулсан хамгийн том хор уршиг нь юу вэ?
 
-Ард түмэн төр барих эрхээ эдэлж чадахгүй болчихсон явдал. Өөрөөр хэлбэл ард түмэн ямар орон зайд ямар ирээдүй хүлээж байгаагаа мэдэж чадахаа больчихож байгаа юм. МАНАН дотор байна аа гэдэг маань ард түмний баялаг, өмч хаашаа ямар замаар урсаж гарч байгааг мэдэх боломжгүй болно гэсэн үг.
 
МАНАН дэглэм гэдэг бол ард түмнийхээ, улс орныхоо ирээдүйн эсрэг хийж байгаа том гэмт хэрэг гэж ойлгох хэрэгтэй. 
 
Өнгөрсөн 4 жилд АН сөрөг хүчний үүргээ хэр гүйцэтгэж чадсан гэж та бодож байна?
 
Хангалттай байж чадаагүй. 
 
Тухайлбал яг ямар асуудлууд дээр сөрөг хүчний үүргээ илүү гүйцэтгэх ёстой байсан вэ?
 
Эрх баригч намын зөв бодлогыг дэмжиж, буруу бодлого шийдвэрийг шүүмжилж, ил гаргах буюу хуйвалдааны зарчмаар, далдуур гаргаж буй буруу үйл ажиллагаа, хөтөлбөр шийдвэрүүдийг нь засаж залруулах ёстой. Үүнтэй тэнцэх ёстой. Гэвч энэ ажлаа хангалттай хийж чадаагүй. Бараг МАН өөрөө өөртөө сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн  шүү дээ. Гэхдээ энэ бол эрх мэдлийн төлөө, ашиг сонирхлын төлөө хийсэн тулаан болохоос биш ард түмний төлөө, сайн сайхны төлөө хийсэн тэмцэл тулаан биш нь тодорхой. Тодорхой зорилготойгоор олон нийтэд хүрэх пиар, сошиал медиа, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа энэ бүх хөөсрөлт нь зөв нь буруугаа дийлж байна, хуучнаа сольж байна гэж харагдаж байгаа мэт боловч тодорхой хугацаа өнгөрөөд, хэдэн жилийн дараа  ард түмэн яг бодит байдал дээрээ тийм биш байжээ гэдгийг олж харах нь гарцаагүй. 
 
УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр та АН-аас гарч, ИЗНН-д элсэж байсан. Мөн АН-ын дарга байсан З.Энхболдтой нэг тойрогт өрсөлдсөн. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?
 
АН-ын тухайн үеийн дүрмээр анхан шатнаасаа эхлээд дунд шатны намын байгууллагууд нууц санал хураалтаар УИХ-д нэр дэвшигчээ тодруулдаг. Тэр санал хураалтаас гарсан нэр дэвшигчийг ҮЗХ нууц санал хураалтаар тодруулах ёстой байсан. АН-ын дүрмэнд ч тэр, УИХ-ын сонгуулын тухай хуулинд ч тэр нууц санал хураалтаар тодруулах ёстой гэж заасан байлаа.
 
Харин АН-ын дарга байсан З.Энхболд гэдэг хүн УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэх сүүлийн оройг хүртэл нэг л зүйлийг яриад сууж байсан. "Хэн хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг саналыг хүлээж ав, авахгүй бол АН бүтнээрээ сонгуульд орохгүй шүү" гэдэг шахалтыг л нэр дэвшигчдэд буюу намынхаа гишүүдэд тулгасан. Улмаар биелэлээ олж, УИХ-д нэр дэвших 76 хүний нэрийг өөрөө дур мэдэн уншсан шүү дээ.
1-р тойрог тэр, 2-р тойрог тэр гээд. Ингээд зарлаж дуусаад энэ нэрсийг хэвлээд ир гээд явуулмагцаа хүртэл  тойргууд солигдох, хүний нэр өөрчлөгдөх ажлуудыг хийсэн. Ингэж л УИХ-д АН-аас нэр дэвшүүлж байсан. 
Өөрөөр хэлбэл хуулийн наад захын шаардлага,  намын дүрмийн наад захын шаардлага биелүүлээгүй, хэрэгжүүлээгүй. Хууль бусаар УИХ-ын сонгуулийн нэр дэвшилтийг явуулсан. Төрийн эрх мэдлийг хууль ёсны ардчилсан сонгуулиар авах ёстой байтал АН хууль бусаар УИХ-ын сонгуульд орсон. Улмаар тэр үзэгний үзүүр дээр Чингэлтэй дүүргийн анхан болон дунд шатны намын хорооны шийдвэрээр нууц санал хураалтаар гарч ирсэн миний нэрийг хасч, өөр хүн тавьсан. Тэгээд сонгуулийн үр дүн ямар гарсныг бид бүгдээрээ мэднэ. Ер нь нэг зүйлийг бодлогын хувьд хэлэхэд өнөөдөр Монгол улсын эдийн засаг капиталист биш, социалист биш. Төрийн өмчит юм уу? Хувийн өмчит юм уу? Зах зээл дээр маш олон тооны төрийн өмчит компаниуд хувийн бизнесүүдийн орон зайг хааж байна. Төрийн гаргаж байгаа, албан тушаалтнуудын гаргаж байгаа, хууль хүчний, Засгийн Газрын гаргаж байгаа шийдвэрүүд дандаа тодорхой цөөн хэсэг хүмүүсийг, үгүй бол гадны хүмүүсийг хөрөнгөжих тэр боломжийг олгосон шийдвэр  хэлбэрээр гарч байна. Эдийн засгийн үндэс суурийг ийм байдалтай болгоход өмч хувьчлалыг буруу явуулсан бодлогын алдаа нөлөөлсөн. Монгол Улсын эдийн засаг хөгжих, сайн сайхан явахад үндэс нь болох суурийг нь буруу тавьсан байна гэж дүгнэдэг. 
\Өнөөдөр АН бол улс төрийн намынхаа хувьд том тогтолцоо. МАН, АН хоёр бол тогтолцооны хэмжээнд оччихсон. АН-ын дарга З.Энхболд гэдэг хүн АН-ыг сонгуульд ялагдуулсан. УИХ-ын дарга болоод УИХ гэдэг байгууллагыг ямар нэр хүндтэй, ямар байгууллага болгож хувиргав? Тэр 76 хүн бол ард түмний саналыг аваад тэр танхимд сууж байгаа шүү дээ.  Өөрөөр хэлбэл З.Энхболд бол зөв зүйтэй байх ёстой Монгол төрийн үндэсний аюулгүй байдал, ирээдүйн дархлаа зэргийг нурааж явдаг хүн юм даа гэж бодож байгаа. Тийм ч учраас УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших асуудлаа шийдсэн. Улстөрийн сонголтын хувьд хувь хүний тодорхой хэмжээний эр зориг гаргаж УИХ-д дэвшсэн.
 
УИХ-ын 2016 оны сонгуульд З.Энхболд гэдэг хүний хувиарлалтаар АН нэр дэвшигчдээ өрсөлдүүлсэнээс болж ялагдсан гэж дүгнэж болох нь ээ?
 
Хардах үүднээс тэгж дүгнэж байна.Ер нь иймэрхүү зүйлийг яг таг нотолно гэдэг их хэцүү л дээ. Магадлал талаасаа ч боломжгүй.
Тухай үед АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд гээд хоёр хүн байсан. З.Энхболд нь АН-ын “Шонхор” фракцтай. М.Энхболд нь МАН-ын “Хотын” гээд фракцтай. Улстөр сонирхдог хүмүүс бол мэднэ шүү дээ. У.Хүрэлсүхийн фракцийн хүмүүс нь тэр байна, Сү.Батболдын фракц тэр, М.Энхболдын фракц тэр, тэр гээд. АН дотор “Шонхор” фракц тэр ч гэдэг юм уу? “Алтангадас” нь, “МоАХ” фракцийнхан нь тэр тэр байна гээд. Тэгээд их сонин зүйл болсон. УИХ-ын сонгуульд МАН-аас 76 хүн, АН-аас 76 хүн тус тус нэр дэвшсэн. Үүний “Шонхор” фракцын 30 хүн, М.Энхболдын “Хотын” фракцын 30 хүн дээр зөрүүлж, УИХ-д нэр дэвшүүлж байгаа хүмүүс нь шинээр нэр дэвшиж байгаа юм уу, урьд нь улстөрд харагдаагүй, тодорхой нэг хүрээнд танигдсан юм уу, нийт хүмүүст танигдаагүй, танихгүй хүмүүсийг нэр дэвшүүлсэн байдаг. Харин АН-ын “Нэг ардчилал”,  МАН-ын Сү.Батболдын фракцийн хүмүүс нэг тойрогт мөргөлдөх ч юм уу?  Өөрөөр хэлбэл зөрж байвал хамтдаа гараад ирвэл олуулаа болох нь байна шүү дээ. МҮДН ч юм уу, МоАХ ч юм уу, "Алтангадас"-ын хүмүүсийг МАН доторхи Сү.Батболдын, У.Хүрэлсүхийн фракцуудтай мөргөлдүүлж, аль аль нь мөргөлдсөн юм чинь 50% нь л гарна гэсэн үг. Аль нь ч гардаг бай хамаагүй. “Хотын” фракц, “Шонхор” фракц УИХ-д 30,30 хүнтэй болох юм байна гэдэг ийм тохироо хийсэн юм шиг байгаа юм. Үүнийг одоо бид нар тунгааж үзэж байж л нотолно. Нээрээ тийм байна шүү, нээрээ үгүй байна шүү гэж. Үүнийг 2016 онд нэр дэвшсэн МАН-ын 76, АН-ын 76 хүнээс 1-р тойрог дээр хэний фракцаас нэр дэвшсэн хүмүүс байна гээд харьцуулаад харахад хамтарч Засгийн Газраа байгуулья, жинхэнэ “МАНАН” байгуулья гэдэг ажлыг хоёр “Энхболд” хийсэн шүү дээ. Гэхдээ ард түмний сонголт өөр байсан. Зүгээр л төрийн ордонд тамга барьсан таван хүн сууж байгаад хор найруулаад, хоорондоо шивнэлдээд, ханцуй дотроо хийчихсэн наймааг ард түмэн зөвшөөрөхгүй гэдгийг УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүн харуулсан. 
 
2016 онд АН-ын дарга байсан З.Энхболд одоо АН-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Энэ хүн 2016 оноос хойш хэр өөрчлөгдөж шинэчлэгдсэн бол?
 
 Энэ АН-ын даргын зөвлөхийн талаар юу хэлэхэв дээ? Ард түмэнд зүгээр л шантаажны зөвлөх шиг харагдаж байгаа. АН-ын дарга хэнээр зөвлөхөө хийлгэх нь өөрийнх нь асуудал. Ер нь бол намын дарга буюу АН-д, УИХ-д засаглаж байхдаа намаа аваад сонгуульд ороод 10 хүрэхгүй суудалтай болгочихсон хүн АН-ын өнөөгийн даргад зөвлөөд сонгуулиар одоо байгаа 10-аасаа доошоо л унагаах байх даа. Тэр бол өөрсдийнх нь сонголтын хэрэг. Би үүн дээр зөв буруу гэж хэлэхгүй.
 
Энэ талаас нь харахаар УИХ-ын дарга, АН-ын дарга, олонхийг бүрдүүлж байсан, дээрээс нь орон нутгийн засаг захиргаа удирдлагууд бүгд АН-ын гишүүд байсан. Бүгдийг нь З.Энхболд гудамжинд чирээд гаргасан шүү дээ. Одоо тэгээд АН-ын дарга хэнээр зөвлүүлэх нь өөрийнх хэрэг байх даа.
 
2016-2020 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж буй УИХ-ын үйл ажиллагааг юу гэж дүгнэж байна вэ?
 
Хэрүүл зодоон л болох шив дээ. Өөр юу болсон юм бэ?
 
 Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
 
Мэдэхгүй. Яг бодитой иргэдийн амьдралд нэмэр болсон зүйл байгаа юм уу? Гоё гоё уриа лоозон ярьсан зүйлийг нь орхичихоо. Таны хөргөгчинд байгаа, таны авдаг мах, хүнс нэмэгдсэн үү? Таны цалин дээр ордог мөнгө нэмэгдсэн юм уу? У.Хүрэлсүх гэдэг хүнийг Ерөнхий сайд болсноор таны хадгаламжинд байсан мөнгө тэр хэмжээндээ байна уу? доошилж уу? дээшилж үү? Таны унадаг машины банк шатахуунаар дүүрэн юм уу, дундуур байдаг байсан бол одоо тэр хэвээрээ байна уу? Шар гэрэл нь асаж байна уу, үгүй юу? Таны хүүхдийн сургалтын төлбөр юу болж байна? Энэ талаас нь өөрийнхөө амьдралыг бодоод Ерөнхий сайд зөв ажиллаж байна уу, буруу ажиллаж байна уу? гэдгийг иргэд маань бодох ёстой. 
 
МАХН, Монголын Ногоон Нам, Иргэний Зориг-Ногоон нам, Монголын Либерал Нам тэргүүтний эвсэл УИХ-ын 2020 оны  сонгуульд ямар амжилт үзүүлнэ гэж та бодож байна?
 
Хэн ч унана гэж барилддаггүй гээд наадмаар бөхчүүдийн хэлдэг үг байдаг шүү дээ. 
 
 Танд баярлалаа.
 
Эх сурвалж: sonin.mn, Ч.Явуухүү

  • Шинэ
  • Их уншсан