БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ

БНАСАУ-аас өнөө өглөө Япон тэнгис рүү харвасан хоёр пуужинг ойрын тусгалт баллистик пуужин хэмээн үзэж байна гэж БНСУ-ын Зэвсэгт хүчин мэдээлжээ.

"БНАСАУ-ын Умард Пёнган мужаас өглөөний 6:45, 6:50 минутын орчимд харвасан пуужингууд 50 орчим километрийн өндөрт, 410 километр зайд ниссэн" гэж Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооноос мэдээлсэн байна.

БНАСАУ энэ он гарсаар гурав дахь удаагаа пуужин харваж буй нь энэ бөгөөд өмнө нь энэ сарын 2, 9-нд энэ төрлийн ажиллагааг явуулсан юм.

Штабуудын дарга нарын хорооны мэдэгдэлд, шинэ коронавирусний тархалтын улмаас дэлхий дахинд хүнд нөхцөл байдал үүсээд буй энэ үед БНАСАУ “тун оновчгүй” үйлдэл гаргаж байна хэмээгээд, үүнийгээ нэн даруй зогсоох хэрэгтэй гэж тэмдэглэжээ.

Японы Батлан хамгаалахын сайд Таро Коногийн сэтгүүлчдэд мэдээлснээр, БНАСАУ 300-400 километр зайд нисдэг хоёр пуужин харвасан бөгөөд тэдгээр пуужин Японы усан нутаг дэвсгэрт унаагүй ажээ. 
Эх сурвалж: Монцаме агентлаг

  • Шинэ
  • Их уншсан