Н.Уламбаяр: “Та, бидний эвсэл” албан ёсоор баталгаажлаа

МАХН, ИЗНН, МУНН нэгдэж “Та, бидний эвсэл” байгуулж сонгуульд оролцохоор болжээ. Энэ талаар МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Н.Уламбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-МАХН Бага чуулганаараа ямар асуудлыг хэлэлцэв.Мөн эвсэл байгуулж сонгуульд оролцох болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-МАХН өчигдөр /2020.03.22/  Бага чуулганыхаа VIII хуралдааныг 21 аймаг, дүүргийн гишүүдтэйгээ цахимаар хийлээ. МАХН 2020 оны сонгуульд эвсэл байгуулж оролцох багц асуудлыг хэлэлцэж гишүүдийнхээ санал бодлыг сонслоо.  УИХ-ын сонгуульд Иргэний зориг ногоон нам, Уламжлалын нэгдсэн намтай эвсч “Та, бидний эвсэл-МАХН-ИЗНН-МУНН” болж оролцох талаар хэлэлцэж Бага чуулганы гишүүд бүрэн дүүрэн дэмжсэн.

-Эвсэх намууд хүсэлтээ ирүүлсэн гэсэн үг үү. Эвсэл цаашид хэрхэн ажиллах вэ?

-ИЗНН, Уламжлалын нэгдсэн намууд төв хорооныхоо хурлыг хийж албан ёсоор манай намтай эвсч сонгуульд оролцох хүсэлтээ гуравдугаар сарын 21-нд ирүүлсэн.Энэ дагуу 2020 оны сонгуульд эвсэл байгуулж оролцох асуудлыг МАХН-ын Бага чуулганы VIII хуралдаанаар хэлэлцэж Бага чуулганы гишүүд санал нэгтэйгээр дэмжиж баталлаа. Мөн Бага чуулганаар Мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, Удирдах зөвлөл, намуудын нэр дэвшүүлэх тоо, квотыг тогтлоо.  Эвсэл байгуулах асуудал ийнхүү намуудын төв хорооны хурлаар албажсанаар цаашид эвслийн удирдах зөвлөл Сонгуулийн ерөнхий хороотой албан ёсны уулзалт хийгээд явах юм.

-Намууд мөрийн хөтөлбөрөө хүргүүлэхэд хоёр хоног үлдэж байна. Эвсэл ямар мөрийн хөтөлбөрөөр оролцох вэ?

-Сонгуулийн тухай хуулиар гуравдугаар сарын 25-наас өмнө нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлэх ёстой. Эвсч байгаа гурван намаас  Ажлын хэсэг гарч, анхан шатны байгууллагуудын дунд өргөтгөсөн хэлбэрээр Мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн боловсруулж эдийн засгийн үндэслэл, эрхүйн гаргалгаа, Үндсэн хуульд нийцсэн эсэхийг онлайн хэлбэрээр удаа дараа санал авсан. “Та, бидний эвсэл” мөрийн хөтөлбөртөө Монголын гурван баялаг бүхий үзэл санааг нэгтгэсэн. Тодруулбал, Монгол хүн, айл өрх, шударга төр засгийг Монголын баялгаар нэрлэж нарийн зохицуулалтыг мөрийн хөтөлбөртөө тусгаж, хувь хүн, айл өрх, төр засаг гэсэн гурван хэмжээст, монгол ахуй, хүсэл эрмэлзлэлийг шингээснээрээ онцлогтой.

Улс оронд нүүрлээд байгаа нийгэм эдийн засгийн хямралыг шийдвэрлэхийн тулд төрийн эрх мэдлийн хуваарилалтын тогтолцоог цэгцлэх шаардлага бий болоод байгаа юм. Үүнийг шийдвэрлэхэд МАХН, ИЗНН, Монголын уламжлалын нэгдсэн нам эвсэж мөрийн хөтөлбөртөө нарийвчлан тусгасан. Мөрийн хөтөлбөрийн үндсэн зорилго нь нэгдүгээрт ард иргэдээ тавьж иргэний эрх ашигт үйлчилсэн хууль эрхзүйн тогтолцоог бий болгох. Хоёрдугаарт, нийгмийн үндэс болсон өрх гэрийг бүх талаар дэмжинэ. Гуравдугаарт, ард иргэд болоод өрх гэртээ үйлчлэх төр засгийн байгууллагын тогтолцоог сайжруулж зөвтгөх үндсэн гурван зорилгод тулгуурласан мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Ард иргэдийн дотор залуучууд, хүүхдүүд, ахмад настнуудын эрх ашгийг хамгаалахыг бодитоор эрэмбэлснээрээ онцлогтой. Тэр дунд эмэгтэйчүүдийн хөгжил, манлайллыг дэмжих бодлогыг нарийвчлан тусгасан. Эрэгтэйчүүдийн онцлогийг гаргаж эрхзүйн талаас нь дэмжих олон талын шийдлийг олох гэж чармайсан. Өрх гэр бүл дунд өрх толгойлсон аав, ээжүүдийг дэмжих бодлогыг илүү тодорхой тусгалаа. Монгол хүнийг, Монголын ард түмнийг баялаг гэж үзсэн. Төр ард түмнээс үүсэлтэй. Бүх эрх мэдлийнх нь цор ганц үүсгэл нь ард түмэн. Тиймээс төрийн байгууллагуудын тогтолцоог яаж зөвтгөвөл үндсэн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь сайжрах вэ гэдэг гарц гаргалгааг эрэлхийллээ. Өөрөөр хэлбэл, төр ард түмэнд гүйцэтгэдэг тогтолцоог зөвтгөж өгвөл бүх зүйл зөв голдиролдоо орох болно гэдгийг ойлгомжтой, логик гаргалгаатай, эрхзүйн үндсийг тогтоох боломжтой гэдгийг МАХН, ИЗНН, Монголын уламжлалын нэгдсэн нам өргөн бүрэлдэхүүнээр хэлэлцэж шийдлийг олсон. Үүний үр дүнд иргэн Монголын баялаг болж, иргэнийг бүрдүүлэгч өрх гэр тайван амгалан байж тэдэнд үйлчилдэг төр засаг найдвартай, хариуцлагатай, баталгаатай байх юм. Эвслийн мөрийн хөтөлбөрийн үр дүнд Монголчууд эв нэгдэлтэй байхыг чармайж, эвтэй байхдаа хүчтэй гэдэг зорилгыг тэргүүн болгохын зэрэгцээ зарчмаасаа ухрахгүй байх учиртай. Бохир мөнгө, татвараас зайлсхийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүст тооцох хариуцлагын зарчмаас ухрахгүй.

Эх сурвалж: www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан