УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцан бичиж байна:ХӨШГӨӨ БҮҮ НЭЭ

Намуухан шөнө түг түмэн зулаа асааж

Нарлаг өдөр бум буман толио гялбуулж

Хөх цэнхэр тэнгэрийн дор ярайсан

Хөвч ханхар уулын ар дор дурайсан…

гэж монголчууд бид дуулдаг. Нээрээ л “намуухан шөнө” сайхан, харамсалтай нь газар болгонд тийм байдаггүй ажээ.

Амгалан тайван амьдрах шиг чухал зүйл алгаа гэж Пакистанд саяхан хуралд оролцож явахдаа бидний хэсэг нөхөд ярьж явлаа. Хэсэгсээд байх ч юу байхав, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, нөхөд нь Мо дарга гэлцдэг Батж.Батбаяр, Н.Лувсанжав дарга, гадаад харилцааны М.Чойдорж бид тав.

Бидний оролцсон хурал ази тивийн энх тайван, аюулгүй байдлын талаар голлон ярьсан энхтайвны төлөөх Азийн парламентуудын холбооны хурал байсан юм.

Исламын Бүгд Найрамдах Пакистан улсын Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч Ч.Амир Хуссеин гуай биднийг хуучин танилын ёсоор танимхайран албаны үгээр бол элэгсэг дотно хүлээн авлаа. Бид 2004 оны арваннэгдүгээр сарын 29-ны өдөр Пакистаны газар нутагт тэр тусмаа Исламабад хотод хөл тавьсан юм. Маргааш өглөө нь нэгдсэн болон салбар хуралдаанууд болж Ливи улсыг эл холбоонд элсүүлэх элсүүлэхгүй юм болж Ливи нь Африкт оршдог гэдэг шалтгаанаар авахгүй гэж тогтов. Миний бие үдээс хойшхи хуралдаанд үг хэлж энэ холбоог цаашид өргөжүүлж, үйл ажиллагаагийг нь идэвхжүүлэх нь зүйтэй гэсэн санааг хэлэв. Нэг ирсэн дээрээ 10-аад орны төлөөлөгчидтэй уулзан парламентуудын хамтын ажиллагааны талаар ярилцсан нь ажил хэрэгт тус болсон, болсоор ч буй.

Энд биднээс нилээн холуур сонсдох хүйтэн дайны үе дуусч, болзошгүй дайн бие биенээ сөрөн зогссон их гүрнүүдийн зэвсгийн хуримталлын тухай, хэвлэл мэдээллийн хэрэгсэл “ам чилтэл” ярих нь багассан ч хүн төрөлхтөнд дайны, цөмийн зэвсгийн аюул байсаар л байгаа тухай яриа боллоо. Зэвсэгт мөргөлдөөн, терриоризмын аюулын тухай ч ярьцгаалаа.

Хуралдааны завсарлагаар монголжуу царайтай хоёр шоволзсон залуу ирж уулзав. Мэнд усаа мэдэлцвэл бид хоёр Афганистаны иргэд. Монголчууд байна гэхээр зориуд ирж уулзаж байна. Бид та нарын тасархай Хазарчууд байна. Бид хүнд зовлон бэрхшээл туулж өдийг хүрлээ. Одоо цаг гайгүй болох болов уу гэж их найдаж байна. Мэдээллийн төв байгуулж ажиллуулах санаатай. Монголд очихыг их мөрөөддөг гэх зэргээр дуржигнуулж өгөв. Нэрийн хуудсаа солилцон уулзахын ерөөл тавьж салахад нөгөө хоёрын шар царайт нөхөр нь буцаж очоод энэ эрчээрээ хазар үндэстнийхээ төлөө ажиллан гялалзуулж өгнөө гээд гараа даллан олны дунд орлоо. Эднийд ч байдал тогтворжих яагаа ч үгүй, цаг цөвүүн байна даа, энэ сайхан залуусын хувь тавилан яана даа гэж бодогдсон.

Өглөөнөөс шөнө дөл болтол үргэлжилсэн хурал, уулзалт, хүлээн авалт дуусан бид тав манай өрөөнд цуглан ажил төрлөө ярьж суутал хаалга огцом онгойж буудлын үйлчилгээний ажилтан гүйхээрээ орж ирээд цонхны хөшгийг хааж өрөөнд гэрэлтэй үед хөшгийг өчүүхэн ч нээлттэй байлгаж болохгүй гэж хуруу гараараа дохин анхааруулав. Тэрүүхэн үедээ бид ойлгоогүй ч төдөлгүй учир жанцангий нь мэдэв. Нээрээ бид чинь бүхэл өдөржингөө терроризм ярьсан улс шүү дээ. Дурантай буугаар л панхийлгэчихдэг газрын нэгд явж байгаа л даа нээрэн гэж ярьцгаав.

Исламабад бол маш цэвэрхэн, хэдэн зууны тоос шороондоо дарагдаж дол цохьсон архаг хотуудаас их л өөр хот юм. Пакистан нийсэлэлээ шилжүүлж барьсан түүхтэй. Нүүх тухай үе үе ярьдаг манайханд туршлага болох ч юм бил үү. Гудамж талбай, зээлээр нь явж үзлээ. Хүмүүс бараг байхгүй нь сонин. Хоёр дэлгүүрээр орж үзээд баахан гайхав. Учир нь тэнд ямар ч худалдан авагч байсангүй. Тэр их бараа, таваарыг худалдан авч байгаа хүн харагдахгүй юм. Яаж орлого олдог юм бол доо гэсэн шүү юм эхлээд бодож байлаа.

Дэлгүүрээс гараад машиндаа очиж суутал энд тэндгүй автомат барьсан цэргүүд ярайж байх нь тэр. Худалдан авагчдыг орохыг хориглоод биднийг буутай цэргүүдээр хамгаалуулж оруулсан хэрэг байжээ.

Бид ч амгалан тайван байж дасаад айхаа мэдэхгүй болсон хүмүүс юм. Гэхдээ сэрэмж дутахаас илүүдэхгүй гэдгийг мэдэрч авлаа. Хүмүүс нь тэр тусмаа бүсгүйчүүд нь нэг үндэстэн болохоор Энэтхэгчүүдтэй их адилхан. Манай Д.Нацагдорж, Б.Явуухулан гээд сонгодогуудын шүлгэнд буусан яг л тэр төрхөөрөө харагдана. 1970 онд гэдэг байх. Явуу Энэтхэгт очоод:

Энэтхэг бүсгүй цохон дээрээ мэнгэтэй

Инээвхийлэн дальдрах хоёр нүд нь жавартай

Алаг саари нь бэлхүүс орчмоо задгай

Алхахад нь түүгээр цухалзах бие нь булбарай.., гэсэн нь эднийг фото зураг шиг л зурж дээ.



Фото зураг гэснээс төгсгөлийн өдрийн хуралдаан дээр манай төлөөлөгчидтэй хамт Пакистаны парламентын хоёр байнгын хорооны дарга бүсгүй хамт сууж, танилцан зургаа татуулцгаав. Үс, зүс, нүд, шүд, нуруу туруу тэгш ёстой л зураг шиг хүүхнүүд байлаа. Та шүлэг бичдэг хүн энэ хоёр хүүхэнд зориулаад шүлэг бичээтэх гэж Мо дарга, Цэнгэл хоёр шахав. Миний шүлэг бичих гэж юу байхав гэсэн мөртлөө:

Зуур зуурхан тааралдах

Зурвас зурвасхан бодогдох

Зураг шиг сайхан бүсгүй чамтай

Зүүдэндээ ч болов учрахсан

Хааяа хааяа тааралдах

Харц аяндаа мөргөлдөх

Хар нүдэн бүсгүй чамтай

Халуун гараа барилцахсан.., гэх зэргээр дөрвөн бадаг бичиж нөгөө хоёртоо уншиж өгөв. Манай орчуулагч ямар ч байсан дажгүй орчуулсан бололтой парламентын гишүүн хоёр бүсгүй маань дуу болгоод дуулаарай гэж ерөөж байсан юм. Манай хэд хамт авахуулсан зургаа угаалгаа бол уу яагаа бол.

Бидэнд үйлчилсэн жолооч Хуссеин гэдэг 50 шахсан эр манай Чойдоржтой их л чухал зүйл ярьж байгаа бололтой харагдана. Энэ нөхөр юу яриад байна гэвэл өчигдөр хуучны хивс авах уу гээд хоргоогоод байсан. Өнөөдөр хүүгээ монгол руу явуулмаар байна туслаач гээд байна гэв. Та яагаад хүүгээ манайх руу явуулах гээд байгаа юм гэвэл нэгд, танай орон тайван, нөгөө талаар манай хүү машин засдаг, засварын газар ажиллавал авдаг хэд нь илүү болох гээд байгаа юм гэв.

Эр улсын ам халсан хойно өөрөө хэдэн авгай, хэдэн хүүхэдтэй вэ? гэвэл баячууд л олныг авдаг мань мэт бол ганцыгаа арайхийж тэжээж байна гэлээ.

Хоолтой ч хоно, хааяа хоосон ч хоно эх нутагтаа аюул багатай амьдрахаас илүү жаргал алга. Тэр тусмаа туурга тусгаар Монгол Улсдаа шүү гэж бид онгоцондоо ярьж явцгаасан юм. Удахгүй монголд шинэ жилийн уур амьсгал орно, хөгжим л чанга дуугарахаас өөр цочоох юм эх оронд минь байх биш дээ бурхан минь гэж би дотроо залбирах шахам бодож явсаан.

2004.12.05

  • Шинэ
  • Их уншсан