Л.Оюун-Эрдэнэ: МАН-ын мөрийн хөтөлбөр 85.3 хувь хэрэгжиж, эдийн засгийг солонгоруулах зорилт биелж байна

УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө батлан өнөөдөр Үндэсний Аудитын Газарт өгч байна.
Нам, эвслээс мөрийн хөтөлбөр ирүүлэх хугацаа өнөөдөр буюу 3 дугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагт дуусах юм.
Эрх баригч МАН УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Аудитын Ерөнхий Газарт хүргүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын сайд, МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ: "Манай АН-ын УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр үндсэндээ “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөтөлбөрийн эхний дөрвөн жил гэж ойлгож болно. “Алсын хараа 2050” хөтөлбөрийг 1500 гаруй эрдэмтэн судлаачид хамтран боловсруулсан. 
 
Мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт биш учраас бид маш тооцоо судалгаатай боловсруулсан. Коронавирусийн давагдашгүй хүчин зүйл дэлхий даяар эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ? гэдэг асуудал, мөн ирэх жилүүдэд төлөгдөх өрүүд байна. Энэ бүх хүчин зүйлийг үндэслэж илүү бодитой хөтөлбөр боловсруулсан гэдгийг хэлье.
 
Дундаж орлоготой иргэдийг дэмжих, тэр тусмаа орон сууц, зээлийн дарамтыг багасгах тал дээр энэ удаагийн мөрийн хөтөлбөр илүү анхаарсан. УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа нээгдэх үед товхимол маягаар олон нийтэд хүргэнэ.
УИХ-ын 2016 оны сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийн тодорхой үр дүнтэй хэрэгжиж байна. Тодруулбал Улаанбаатарын утаа эрс багассан, сургууль, цэцэрлэгийн хувьд том дүнтэй ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Мөн олон жил дуншсан эдийн засгийг солонгоруулах зорилт биелж, төмөр замын бүтээн байгуулалт эхэлж, түүнд нь манай зэвсэгт хүчнийхэн оролцож байна. Нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжилж байна. Товчхондоо УИХ-ын 2020 оны сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийг 85.3 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэж байгаа" хэмээв.

Эх сурвалж: sonin.mn

  • Шинэ
  • Их уншсан