Сэрэмжүүлэг: Герман улс руу 117 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ

ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар залилангийн гэмт хэргийн талаарх мэдээлэл өглөө.  Тэрээр “Сүүлийн үед  цахим залилангийн гэмт хэрэг их гарч байна. Манай улс цахим хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр, Азидаа нэгт ордог орон. Улс орнуудад  цахим хуудас, интернет худалдааны платформууд болон олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг, амны хаалт үйлдвэрлэдэг нэр хүндтэй компаниудын нэрийг ашиглан улс дамжин залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Мөн коронавирус туссан хүнд хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээн иргэдийг залилах явдал гарч болзошгүй болоод байна. Иймд иргэд бодит бус мэдээлэлд итгэж, нягтлаагүй мэдээллээ бусадтайгаа хуваалцах, бусдад зөвлөгөө өгөх зэргээс болж бусдад залилуулж байгааг анхаараарай гэв.  Одоогоор коронавирустэй холбоотойгоор бусдад залилуулсан, хуурамч мэдээ мэдээлэл тараасан нийт 25 дуудлага мэдээллийг мөрдөн шалгаж байгаа юм байна. 

Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8,4 сая төгрөг  шилжүүлэн авч залилсан.

“Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Герман улсын “Estaparma sitcalius” компани руу энэ оны гуравдугаар сарын 02-ны өдөр 117 сая төгрөг урьдчилгаа шилжүүлэн залилуулсан. Иймд иргэд та бүхэн сэрэмжтэй байж,  мэдээллийгнягтлан шалгаж, өөрийгөө болон бусдыг эрсдлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.

Эх сурвалж:www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан