УИХ-ЫН ГИШҮҮН Д. ЛҮНДЭЭЖАНЦАН БИЧИЖ БАЙНА:НАРАНГИЙН ДЭНЖ

/ Нарангийн дэнж, дэнжийнхнээ дурсаж бичсэн шүлэг/

500 АЙЛ

Ард Аюуш

Баруун, зүүн Нарангийн гудамж

Алдарт Тээхийн дэлгүүр

Нарангийн дэнжийг бараг бүгд мэднэ дээ

Наран гэдэг үг

Цаасан дээр унахлаар

Надтай адил хайрлах нь

Цаана наанагүй бий дээ

13,22-оос эхлээд 28,40 гээд

Аль олон сургуулийг хэлж барах вэ

Нарны доор өдөр өдрөөр өсч

Найз нь энд л өсч торнилоо

Малгай бээлийгээ тэсгээхгүй

Манаргаж л явлаа

Найз нарынх минь

Өчигдөр нүүлээ

Надаас нэг хэсэг юм

Явчих шиг л боллоо.

Өнөөдөр нүүж байна

Үлдсэн нь маргааш нүүнэ

Угаасаа бид чинь

Нүүдэлчид шүү дээ гэсэн шиг

Ундуй сундуй

Машин, морин тэргэнд ачаалж байна

Манайх саяхан л Гандангийн дэнжээс нүүж ирсэн

Танайх үерийн жил комбинатаас нүүж ирсэн

Одоо манайх Дамба руу нүүнэ

Харин танайх Баянхошуу руу нүүх нь

Хотын захын хороолол

Нарангийн дэнж

“Хорин найм”-ын хүүхдүүдийн өссөн нутаг

Нарангийн дэнж ээ

Зүггүй багын нь мөр

Хөрсөн дээр нь,

Зүрх сэтгэлд харин

Дүр нь үлдсэн газраа!

БИ

Худаг дээр дугаарлаж

Хувин саваа хангинуулж

Хоёр цагаан үнээгээ

Услаж явсан минь саяхан даа

Малгай бээлийгээ тогтоохгүй

Мантайтал чихээ хөлдөөснийг

Үзэг харандаагаа гээчихээд

Үргэлж гуйлгатай явдгийг

Та нар минь мэднэ дээ

Салан баавгай хочийг

Сайхь та нараасаа хүртсэн дээ

“Арслан” нохойгоо дагуулчихаад

Хэдэн ямаагаа сурагласан

Аав ээжийн өгсөн мөнгийг

Атгахын сайнаар атгаад

Талх ёотонд гүйсэн

Алсын дурсгалт өдрүүд минь

Ганц цагаан дэлгүүртээ

Талх, юм болгонд дугаарласан

Гадаа цас хайлахад

Бөмбөг хөөж шуугилдсан

Анхны болзооны ах, эгч нарыг

Ажиж харахаас буцахгүй

Булан нь элэгдсэн номыг

Бушуухан уншихаас нааш амрахгүй,

Хорооны өдөрлөгт барилдаад

Хорин дөрвийн чихрээр шагнуулсан

Сургуулийн АСТ-д оролцоод

Шуугиулж явсныг та нар гэрчилнэ дээ

Айлынх нь хөвгүүнээр

Ангийнхаа охинд захиа өгүүлж

Хаалганыхаа самбар дээр

Холбож нэрээ бичүүлээд

Хамаатан саднаасаа ичиж

Хавь ойрын найз нартаа “гомдож” явснаа

Хаанаас мартах вэ, санаж байна.

Хол явах аялал маань

Дарьгангын 18

Таван зуугийн халуун ус

Гандангийн дэнж, Орхоны гудамж

Телевизийн цамхаг…

Тэгсхийгээд зогсоно доо

Ганган хулыг биш ч

Ганц бор мориороо

Гандангийн гудамжаар

Галгиулж л явлаа

Өрөм таргаар дутаагаагүй

Өнөө л хоёр үнээгээ

Өглөө Толгойтын салаа руу туугаад

Өөртөө зөв торолзуулж л явлаа

ХҮҮХДҮҮД

Манай Нарангийн хүүхдүүд

Хотын сургуулийнхантай үзэлцэхэд

Мад тавиулаад ялагдталаа холоо!

Хувцас жаахан гологдохоос

Оюун ухаан гологдохгүй

Бэл бэнчин дутахаас

Бие бялдар дутахгүй

Гэр хорооллын хүүхдүүд

Гар нь сайртайгаас бус

Гавал нь сайртаагүй

Алдрайнуудаа!

Хонхорын хорин наймынхан

Хорин гурав, гучин гурвынхнаас

Хол дутнаа гэсэн номгүй

Урлаг, уран сайхан

Биеийн тамир, спорт

Олон хичээлийн олимпиадад

Онцгойрч тодорсон

Нарангийн дэнжийн хүүхдүүдээ, бид

Ард Аюушийн Дааяагаас

Атга самар аваастай,

Ахмад архичид нь болохоор

Аяга самогон олоостой

Таван зуугийн оросуудын

Гахай, тахиаг сонирхоно

Хамбын овооны хогноос

Бөглөө түүж нааддаг

Гомбо багшийн удирдлагаар

Гуулин хөгжим тоглодог

Хужаагийн оршуулганд

Гунигийн ая үлээж

Хувьдаа зөв

Гурван төгрөг олоостой

Хувцас хунараараа ч бас

Хүнээс л дор орохгүй гэж

Хуучин шинэ бахиалаа
Нүүр харагдтал тослоостой

Гудамж гудамжнаас гардаг

Хөл бөмбөгийн багууд маань тарж байна

Гадаа гарч харилцдаг

Гар бөмбөгийн ах эгч нар маань нүүж байна

Газарт орлоо баяртай!

Хүүхэд нас минь нүүж байна

МАНАЙ ГУДАМЖНЫХАН

Олон таван хошуутай

Тээврийн жолооч ах нартай

Одон тэмдэгэнд дарагдсан

Партизан цэрэг өвөөтэй

Айл айлын гадаа

Үнээ мал харагдсан

Арын хашаан дээр

Өвс тэжээл дүнхийсэн

Хийдэг хийдэг ажилтай

Авдаг авдаг цалинтай ч

Айл болгон шахам саалийн хоёр ямаатай

Ажилчин малчин хоёрын

Аль алины үнэртэй

Алдрай багачууд шуугисан

Хөгжилтэй гудамж манайх аа

Ахан дүүс шиг бололцсон

Нарангийн айлууд манайхаан!

ЛАМ НАР

Хатуу хөтүүг туулсан

Хал үзэж хашир суусан хүмүүс гэвэл

Манай гудамжны лам нар гэж

Магад би хэлнэ.

Сэрэмжтэй нь аргагүй харж,

Шивнэх шахуу ярих энүүхэнд.

Хамаг олныг тойруулсан

Яриа хар хүн

Хаанахын хэн ч мэдэхгүй

Гавж Гомбо гуай,

Хээгүйгээрээ алдартай

Галч гэсэн нь

Хэзээний алдартай

Зурхайч Дэндэв гуай,

Гудамж зам цэвэрлэдэг

Тонгойсон өвөө

Гуншингий нь үнэнээр нь хэлбэл

Гэвш Дорж гуай,

Гутал засварчин

Эрхэлсэн ажилдаа зүтгэлтэй

Гуниггүй ааш,

Алиа хошин үгтэй

Хугацаанд нь буцааж өгвөл

Хэд гурван төгрөг зээлүүлдэг

Хувраг явсан нь нууц

Гэцэл Дондог гуай,

Гавьяат шахуу барилгачин

Гарамгай нэгэн өрлөгчин

Оточ Самдан гуай,

Ёхиг дохиг зантай ч

За гэвэл ёогүй

Засал авахгүй гэсэн өвчнийг ч

Эмнэнэ гэж хэлсэн л бол

Эдгээж л сална

Чадахгүй болохгүй өвчнийг

Шуудхан л хэлж орхино.

Өвөрхангайгаас айраг ирэхэд

Манай гудамжны лам нар цуглаж

Хурлаа хурна.

Замбараатай нь аргагүй суувч

Завсарт нь бие биенээ цаашлууулна.

Инээж хөхрөн

Магнай тэнэгэр байгаа нь харагдана

Маргаангүй эрдэмтэй лам нараас гадна

Олонд хэрэгтэй хүмүүс

Манай гудамжинд

Бас байлаа

Бариач Бадам эгч

Толгой нь доргисон хүүхэд

Тулгар жирэмсэн эхэд

Тун ч ээлтэй гэцгээнэ

Хэсгийн эмч нар шиг бурхад

Тэр хавьд байхгүй

Лам нар нь ч хөл алдана

Хүүхэд хардаг эмгэд нь ч

Үгээ олж ядан магтана

СЭХЭЭТЭН

Арын хашааны

Бадарч ах

Анхны манайхнаас

Инженер болов

Олон зам, гүүрийг

Удирдаж бариулан гавьяат болов

Урд хашааны Ширчинсүрэн ах

Улсын Ихийг дүүргэж

Улаан диплом өвөртлөөд

Удаж төдөлгүй

Шүлэг ном нь хэвлэгдэж

Урдаа барьдаг

Найрагчдын нэг болов

Баруун хамар хашааны маань

Жанчив гэдэг ах

Анхлан гадаадад явах болов

Айл хотлоороо

Үдэж мордуулахаар

Ачааны машин дүүрэн хүн хөдлөв

Төгөлдөр хуурыг морин тэргээр авчирсан энэ ах

Төдөлгүй олон сайхан хөгжим зохиов
Зүүн хамрын

Чулуунхүү ах

Зүггүй хүүхдүүдээр

Шатар тоглуулж

Олон олон хүүхдийг бас

Одон бөмбөгт дуртай болгов

Намхан бор гэртээ

Олон гоё номтой

Нансал гэдэг авгай нь

Онцгой сайхан ааштай

Намсрай ах маань надад

“Тунгалаг Тамир” анх уншуулав

Манай гудамжны сэхээтнүүд

Магадгүй, манай монголын сорууд ч юм гэж боддог

Тэдэн шиг номтой эрдэмтэй болохыг

Тэсэлгүй их мөрөөддөг хүүхдүүд байлаа бид

Аав ээжийнхээ араас

Ажилчин ангийн шинэ армийн

Ард тал нь болсон

Нарангийн дэнжийн хүүхдүүд

Атар хагалагчид,

Эрдэнэтийг босгогчид,

Гэрэл цахилгааныг бадраагчид,

Өндөр барилга баригчид,

Автобус цистерний жолооч нар,

Хөнгөн, хүнсний ажилчид

Болцгоолоо цөмөөрөө

Газар газраас цугласан дэнж дээрээ

Гал гал таслан

Айл гэр болцгоолоо цөмөөрөө

Оюутны зун, намрын ажлаас эхлээд

Алс ойр яваад ирэхэд

Зурагтын цамхаг гялалзан байдаг

Тэнд хорин наймдугаар сургууль минь бий

Тэнд бүтээн байгуулалт цогцолж байгаа

Тэнд Нарангийн дэнжид

Шинэ хороолол босч

Тэвдүүлж мнайхныг нүүлгэсний

Хэрэг гарч байгаа

Түүнийг Брежнев даргын

Бэлгийн хороолол гэдэг

Түмэн олон минь

Баяр жаргалтай суудаг

Ямар ч шувуунд

Дэгдээхэй явсан газар бий

Ялгаагүй бидний

Төрсөн өссөн газар-НАРАН

Сэлүүхэн энэ дэлхийн хаана ч яв

Сэтгэлд гэрэлтдэг нь миний хайртай-НАРАН

Хүү, охиноо алсад үдэж өгөөд

Хүлээж суудаг ээж шиг тэр газар-НАРАН

1977 он

  • Шинэ
  • Их уншсан