Австралийн Ерөнхий сайд гадаадын иргэдийг “Гэртээ харь” гэлээ

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон жуулчид болон оюутны визтэй хэдий ч санхүүгийн асуудалтай хүмүүст "Гэртээ харих цаг боллоо" гэж хэлжээ. Тэрээр Австрали улс иргэд, оршин суугчдадаа анхаарлаа хандуулах ёстой гэж үзэж байгаа аж. "Эдгээр оюутны болон бусад төрлийн визтэй хүмүүсийг бид энд албадан байлгаагүй. Хэрэв тэд өөрсдийгөө дэмжих санхүүгийн бололцоогүй бол эх орондоо эргэж очих өөр арга зам бий" гэж тэрээр Канберра хотод зохион байгуулагдсан засгийн газрын хуралдааны дараа мэдэгджээ. Мөн жимс түүх болон бусад улирлын чанартай хөдөө аж ахуй ажил эрхлэхээр Австралид ирсэн бүх хүмүүс улсын хэсгүүдээр аялахаасаа өмнө 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлах хэрэгтэй гэв. Харин оюутан сувилагч нарт үүнд хамаарахгүй бөгөөд 20,000 орчим оюутан сувилагч нар эрүүл мэндийн салбарт ажиллах боломжтой аж. “Эмч, сувилагч гэх мэт бидэнд хэрэгтэй чухал мэдлэг чадвартай хүмүүст харин боломж бий” хэмээн Ерөнхий сайд Моррисон мэдэгдэв. Тэрээр "Гэхдээ бидний нэн тэргүүний зорилго бол Австрали хүмүүс болон Австралийн оршин суугчдыг боломжит эдийн засгийн дэмжлэгээр дэмжих явдал юм" гэж нэмж хэлсэн байна. Эх сурвалж: news.com.au

  • Шинэ
  • Их уншсан