УИХ-ЫН ГИШҮҮН Д. ЛҮНДЭЭЖАНЦАН БИЧИЖ БАЙНА: САНКТ ПЕТЕРБУРГТ БАЙСАН ХОРИН ДӨРВӨН ЦАГ

Санкт Петербургт үдэш орой болсон хойно онгоцноос буусан юм. Васильевскийн арал дээр болсон арга хэмжээнд оролцож хоноод, өглөө нь буудлынхаа цонхоор Нева мөрөн тийш ширтэж зогсохдоо олон жил сэтгэлдээ харсан Ленинграддаа /Санкт Петербург/ ирлээ дээ, Лүндээ минь. Орой буцах болтлоо амжиж үзэх гэж мөрөөдөж явсан зүйлүүдээсээ хэд гурвыг ч болсон үзэх минь. Нева мөрний эргээр явж, алдарт салдаг гүүрүүдээр нь /Ордны, Троицкийн/ гарч, өвлийн ордон, төв штабын байр, Смольный, Аврора онгоц эхлээд үзнэ дээ гэж бодоод гарч өгөв.
Буудлаасаа гарч алхсаар Академийн гудамжаар орж оросын алдарт эрдэмтдийн ажиллаж, амьдарч байсан байшингуудын ханан дахь дурсгалын самбаруудыг нь уншиж амжлаа. Нева мөрний хөвөөнд очиход болзсон ёсоор хөтөч маань намайг машинд суулган, нөгөө алдарт салдаг гүүрээрээ гарч Өвлийн ордон, ордны талбайд очиж миний хүссэний дагуу эхлээд Эрмитажийг үзүүлэхээр болов. Баабарын бэлэглэсэн НЕПКО-гоос эрхлэн гаргасан Э.Х.Гомбрихын “Урлагийн түүх” номыг дөнгөж саяхан уншаад гарсны хэрэг Эрмитажид байгаа зурагнуудыг сэргэн мандлаас нь эхлээд модерн хүртэл нь үзэж гарна даа гэж бодохоос хөл хөнгөрөх мэт болж байна.
За Эрмитажийг үзээд байдаг хэрэг ээ гэвэл хөтөч залуу маань гайхсан нүдээр өөдөөс харж, танд ердөө хоёр цагийн л хугацаа байгаа. Эрмитаж хуучин, шинэ Эрмитаж гээд таван том барилга байгууламжаас бүрддэг. Та чухам яг ямар зүйл үзье гэж бодож байна гэв. Ингээд газар дээр нь сонголт хийх хэрэг гарч, ямар ч байсан энэ удаад сэргэн мандлын үеийн зураачдын гол бүтээлийг үзье. Бас монголынхоо урлаг, түүх соёлын дурсгалтай холбоотой үзмэрүүдийг үзэх саналтай байна гэлээ. Та яг ямар зүйлүүд байдгийг мэдэх үү гэвэл Өндөр гэгээн Занабазарын цутгуурууд, том Майдар бурхан, Дамбийжаагийн гавал, Козловын экспидицийн авч явсан археологийн олдворууд, гэрэлт хөшөө гээд хөврүүлтэл эрдэм шинжилгээний фондод захиалга өгч, урьдчилан цаг тохирохоос аргагүй. Танд юу ч гэсэн Өвлийн ордноор орж Эрмитажийн гол хэсгийг үзүүлье хэмээн дагуулан явлаа. Екатерина II хааны цуглуулга дээр тулгуурлаж байгуулсан Эрмитаж хэмээх энэ дэлхийн хамгийн том дүрслэх урлагийн музейнуудын нэгд ийнхүү хөл тавин, нүд бэлчээж эхэллээ. Эрмитаж гэдэг нь ямар учиртай нэр юм бол гэвэл Екатерина хатан хааны үнэт цуглуулгад зориулан 1764–1767 онд баригдсан түүний хувийн галерейг Эрмитаж гэж нэрлэсэн юм. Өвлийн ордонтой яг залгаа гэлээ.

1837 онд түймэр гарч Өвлийн ордон их сүйджээ. I Николай хаан 1852 онд Эрмитажийг шинээр барьж, олон нийтэд нээсэн гэнэ. Цагтаа Францын их философич Дидро Екатерина хатан хааны энэхүү гайхалтай цуглуулгаар бахархаж байгаагаа бичиж байжээ. Хааны Өвлийн ордон буюу /Төрийн ордон/, мөн Меньшиковын ордон хоёр нь улсын Эрмитажийн таван байгууламж дотроо ордог юм байна.

Санкт Петербург хотын анхны захирагч А.Д.Меньшиковт Петр хаан 1709 онд бэлэг болгон бариулж 1712 онд барьж дуусгасан түүхтэй юм гэнэ. Меньшиков аугаа их Петр хааны хамгийн ойр дотных нь нөхөр байжээ. Петр хаан тэднийд байнга ирж, жигнэмэг иддэг байжээ гэж хүртэл музейн тайлбарлагч ярив. Нөгөө Распутинд боовон дотор хор хийж өгдөг байшин уу гэвэл тайлбарлагч хижээл эмэгтэй инээж, та үзье гэвэл яг тэр газартаа Распутин пироги идээд сууж байгааг харж болно. Харин цочуузай гэлээ. Өвлийн ордон, Эрмитажийн энэ гоё гоё танхимуудыг дэлхийн болон оросын нэртэй архитекторчид зураг хөргийг нь гаргажээ.

Миний өмнө уншиж сонсож байснаас 1838–1839 онд баригдсан Өвлийн ордны Петровскийн танхим, 1838–1841 онд баригдсан Георгиевийн их танхимыг алдартай уран барилгач В.П.Стасовын, зочин хүлээж авах том танхимуудыг нэрт уран барилгач А.П.Брилловын зураг төслөөр барьж байгуулжээ.Эл танхимуудаар орж явахдаа хүний авъяас, ур ухаан гэдэг ямар хязгааргүй болохыг жинхэнэ харж мэдэрлээ.

Хуучин Эрмитажид байгаа хүүгээ хөхүүлж буй Мадонна /Мадонна Литта/ /1490–1491/ оны үеийн Леонардо да Винчийн зураг, мөн Леонардо да Винчийн танхимд байгаа 1503 оны үед бүтээгдсэн гэж үздэг Рафаэлийн Мадонна Конестабиле хөрөг, шинэ Эрмитажид байгаа 1618 оны үеийн “Газар усны барилдлага” хэмээх Питер Пауль Рубенсийн зураг 1612 оны үед зурагдсан Питер Пауль Рубенсийн “Отцелюбие ремлянки” буюу “Цилсон ба Перо” хэмээх алдарт зураг, 1636–1642 оны үед бүтээгдсэн гэж үздэг Харменс Ван Рейн Рембрандтын “Даная”, 1668–1669 оны үеийн “Тэнэмэл хүү буцаж ирсэн нь” гэсэн хэдэн зураг үзэж тайлбарыг нь сонстол миний үзэх хоёрхон цагийн хугацаа хэдийнээ өнгөрөөд талийжээ. II Екатерина хатан хааны судсаар Герман цус урсч байсан ч гэсэн Орос орны төлөө маш их зүйлийг хийж, их өв үлдээсний нэг баримт нь Эрмитаж юм гэж тайлбарлагч эмэгтэй хэлээд хоцров. Хэдэн сар, жилээр үзэж судлах газар гэдэг нь аргагүй юмсанж. Чамлахаар чанга атга гэдэг л боллоо. Хорхой хүргээд л үлдлээ дээ. Эр хүний замын хүзүү урт гэж бодон тайвшрахаас.

Үдээс хойших алба ажлын дараа алдарт Марийнскийн театрт очлоо. Харамсалтай нь энд дуурь, бүжгийн жүжиг, драмын жүжиг үзэх гэж очсонгүй. Миний хүссэнээр театрын гадна, доторхи байдалтай нь л танилцсан юм.

I Александр хааны гэргий Мария Федоровнагийн нэрээр нэрлэгдсэн Марийнскийн театр нь Санкт Петербургт байдаг тавь гаруй театраас хамгийн нэртэй нь юм байна. Марийнскийн театрын гоёмсог ногоон ордон 1860 онд баригдсан гэнэ. 1860 оны аравдугаар сарын хоёронд Оросын их хөгжмийн зохиолч М.Глинкын Хааны амьдрал буюу “Иван Сусанин” дууриар нээлтээ хийжээ. Удалгүй Их театрын тайзан дээр тавигдсан драмын жүжгүүдийг Марийнскийн театрын тайзан дээр шилжүүлэн тоглож эхэлсэн байна.

Марийнскийн театр үүдээ нээснээр Орос орны дуурь, бүжгийн жүжгийн урлаг цэцэглэн хөгжихөд үлэмж үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг байна. Петербургийнхны болон жуулчид, явуулын хүмүүс хамгийн их цуглардаг театрын талбай, үзэсгэлэнт Крюковын сувгийн ойролцоо байрладаг ажээ. Оросын бахархал болсон олон шилдэг жүжгийн болон П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан”, А.П.Бородины “Игорь ван” дуурь, П.И.Чайковскийн “Нойрсон буй гоо бүсгүй” бүжгийн жүжиг Марийнскийн театрын тайзнаа анхлан тавигдаж нээлтээ хийж байсан гээд бодохоор ямар алдартай театр болох нь бэлхнээ мэдэгдэнэ.

Марийнскийн театрт ороод явж байхдаа өөрийн хайж явсан эчнээ танилынхаа зургийн өмнө зогсож мэхийн ёсолсон юм. Юу вэ гэвэл миний нэгэн багын найзын гэрийн номын сангийн шүүгээний жаазанд хун шиг цагаан өмсгөлтэй бүжигчний зураг дурайж байдаг. Хэн гээч алдарт бүжгийн жүжигчинг чи гуунд залчихаа вэ гэхэд хэн мэдлээ, намайг бага байхаас л номын сангийн шүүгээний маань нүүрний шилний ард байсан юм гэлээ. Миний сониуч зан болсон хойно, сэтгүүлийн нүүрний хайчилбар л байна даа. Хоёулаа гаргаж үзье гэвэл найз маань номын сангийнхаа шүүгээний хаалгыг онгойлгон хутганы ирээр хадаасыг нь хөндийрүүлж, нөгөө зургийг гаргаж ирэв. Арыг нь харвал “ЗХУ” сэтгүүлийн хавтасны нүүрэнд Ленинградын Марийнский театрын бүжигчин Анна Павлова Парист бүжиглэж байгаа нь /1924 он/ гэсэн бичээс байлаа.

Монголд Туул, Ганбаатар, Оюун гэдэг хэдэн бүжигчнийг мэддэг миний хувьд тэгж Анна Павлова гэдэг бүжигчний нэртэй болов. Оюутан болоод Дуурь бүжгийн эрдмийн театрт “Дон Кихот”, “Спартак”, “Жизель”, “Уран хас” гээд овоо хэдэн балет /бүжгийн жүжиг/ үздэг юм байна. Ингээд л харин энэ урлагийн тухай төсөөлөл маань бага багаар нэмэгдсэн юм. Тун дараахан нь номын дэлгүүрт явж байгаад миний цуглуулж уншдаг “Алдарт хүмүүсийн амьдрал” цуврал дотор бүжгийн жүжигчид гэсэн ном гарсныг авч харвал миний хайгаад явсан Анна Павловагийн тухай ном байлаа. Ингэж би энэ алдарт бүжигчнийг мэддэг болсон юм. Түүний амьдрал энэ Марийнскийн театртай салшгүй холбоотой юм.

Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг ядуу айлын охин Аннаг найман настайд ээж нь хөтөлж Марийнскийн театрт авчирч шалгуулан, театрын сургуульд оруулснаар энэ алдарт бүжигчний уран бүтээлийн зам эхэлсэн түүхтэй байдаг. Энэ үе бол 1891 оны наймдугаар сарын 29 байв.

Тэгж бүжгийн жүжигчин хүн ямар их хөдөлмөр, тэвчээр хатуужилтай, шантрашгүй байж амжилтад хүрдэгийг Анна Павлова гэдэг алдарт бүжигчний уран бүтээлийн амьдрал, тэмцлээс бага ч болов ойлгосон юм. Дээр нь авъяас, мэдрэмж, сэтгэл чухал нь мэдээж. Авъяас билэг, ур чадвар хоёрыг хэрхэн ялгах вэ гэж оюутан байхад надаас нэг нөхөр маань асуусан юмсан. Авъяас билэг байгалийнх, ур чадвар боловсрол, хөдөлмөрийнх гэвэл урлагийн ангийн нөхөр маань “хн” гэж амандаа хэлээд яваад өгч билээ. Дараа нь уулзахдаа багшаасаа ийм асуултад хариулах даалгавар авсан юм. Чиний ойлголт ерөнхийдөө ханатай юм билээ гэсэн сэн. Тэгвэл миний л мөхөс ойлголтоор Анна Павловад байгалиас заяасан авъяас, түүнийгээ хөдөлмөрөөр, сэтгэлээрээ тордож, тэр дэлхийн бүжгийн урлагийн тэнгэрт тод од болон мөнхөрсөн юм. Анна Павлова 1910-аад оноос эхлээд Марийнскийн театрын тайзан дээр тавигдсан “Дон Кихот”, “Жизель”, “Шопениана”, “Арлекино”, “Хунт нуур”, “Клеопатра” зэрэг бүхий л бүжгийн жүжигт гоцлон бүжиглээч нь байж, гайхамшигтай бүжиглэн, Санкт Петербургээр зогсохгүй орос орон даяар гайхагдаж байжээ.

Удалгүй Скандинавын орнууд, нийт Европоор айлчлан тоглож, Парис, Лондонгийн дуурийн том театруудын тайзан дээр “Хунгийн үхэл” болон бусад сонгодог бүжгийн жүжигт бүжиглэн Европын үзэгчдийг байлдан дагуулсан байна. Улмаар Америк тивийг зорьж, Нью-Йоркоос эхлэн, Буэнос-Айрес, Венесуэл гээд Латин Америкаар уригдан бүжиглэжээ.

1920-иод онд Парист “Хун” бүжгийн жүжгийн хунд бүжиглэхээр Парисын театрын тайзан дээр бэлтгэл сургуулилтаа хийж байтал төгөлдөр хуурч халзан толгойтой хижээл хүн төгөлдөр хуураар тоглохдоо хөгжмийн хэмнэлийг арай өөрөөр тоглотол Анна Павлова зогтусан, та буруу дараад байна. Наад хөгжмийг чинь аугаа их Сен Санс зохиосон юм, мэдэв үү. Дахиж алдаж хэрхэвч болохгүй гэж зандардаг. Харин тэгтэл нөгөө халзан эр ингэвэл надад арай дээр санагдсан юм. Бүжиглэхэд тань илүү тохирч байвал таныхаар болъё. Уул нь Сен Санс чинь би байгаа юм л даа гэж амандаа гүвтнэхэд Анна Павлова үсрэн очиж халзан толгойг нь үнсэж гардаг. Тэр ийм л сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн байжээ.

Анна Павлова алдарт бүжигчин Михаил Рокинтой олон сонгодог бүжгийн жүжигт хамтран бүжиглэсэн байдаг. Таны хунд бүжиглэхийг хараад л би өөрийнхөө хөгжмийг сайн хөгжим болсон байна гэж тоосон хэмээн Сен Санс Анна Павловад хэлсэн удаатай. Цагтаа бас Анна Павлова оддын өвчнөөр ч өвчилж, шүүмжлүүлж шуугиулж л явсан байдаг. Гэхдээ энэ аугаа бүжигчин Санкт Петербургийн, оросын, цаашилбал, дэлхийн бүжгийн урлагийн тод од болон үлджээ.

Ийнхүү Марийнскийн театрт ороод өөрийн нэг шүтээн, бүжгийн урлагийн охин тэнгэр Анна Павловагийн зургийн өмнө түүний тухай бодож зогсохдоо бид чинь урлагийн ариун сүм болсон театрт зориуд цаг заваа гарган орж байх ёстой юмсан, өөрийн үеийнхээ “баатрууд”-ыг үзэж сонсч байх ёстой юмсан гэдгийг улам сайн ухаарах шиг болж билээ.

Төр түмнийхээ буянаар явж байгаад Москвагийн алдарт Их театрт орж “Шахрезиада” бүжгийн жүжгийг олон жилийн өмнө үзсэнээ бас саналаа. Оросын сонгодог эмэгтэй бүжигчид Анна Павлова, Галина Уланова, Екатерина Гельцер, Майя Плисецкая хэмээх алдартнуудыг төрүүлсэн Оросын бүжгийн дэг сургууль хичнээн мундаг юм бэ дээ гэж аргагүй бодогдсон шүү. Манай хүүхдүүд Орост, тэр дотроо Пермь зэрэг хотод эдний дэг сургуулиас суралцан дэлхийд нэрээ дуурсгаж явна. Энэ уламжлалт хэлхээ холбоог үргэлжлүүлэх юмсан гэж бодсоор урлагийн ариун сүм болсон Марийнскийн театраас гарав.

Санкт Петербургт аль хэдийнээ харанхуй болжээ. Миний буцах цаг тулсан байлаа.

2010 он.

  • Шинэ
  • Их уншсан