Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ри Соль Жу гэж яг хэн бэ?

Ким Жон Уны эхнэр Ри Соль Жу нь дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн анхаарлыг нөхрөөсөө дутахгүй татдаг хүн боловч 2012 онд улсынхаа тэргүүн хатагтай болсон, одоо гурван хүүхдийн эх болсон энэ хүний тухай мэдээлэл хомс, нууцлагдмал хэвээр.

Ри Соль Жугийн тухай Солонгосын «Википедиа»-д бичсэнээр бол тэрээр 1989 оны 9-р сарын 28-нд Хамгён Пукто мужийн Чонжин хэмээх хотод төрсөн гэх боловч өөр бусад мэдээллээр  1985-1989 оны хооронд төрсөн, Пёньянд өссөн гэнэ.

Ээж нь эмэгтэйчүүдийн эмч, аав нь их сургуулийн декан (цэргийн сургуулийн захирал гэсэн мэдээ бий) байсан ба энэ бүсгүй нь тус улсын элит давхаргын үр хүүхэд гэдэг нь түүний сурч төгссөн сургуулиас тодорхой байдаг юм байна.

Кымсоны урлагийн сургуульд сурч байхдаа Ри Соль Жу нь үнэтэй цаг зүүж, хориотой өмд өмсдөг, үнэтэй чанартай зүйлс эдэлж хэрэглэх дуртай, түүнийгээ нууж хаах дургүй, хэн нэгэн хүн түүний тухай сайн муу хэлэх вий, атаархаж хорсох вий гэсэн айдасгүй хүн байжээ.

Соль Жу оюутан байхдаа дуучин болох гараагаа эхэлж олон янзын фестивальд оролцож байсан төдийгүй зарим яриагаар бол хөнгөн атлетикийн Азийн аваргын тэмцээнд оролцож буй улсынхаа тамирчдыг хөгжөөн дэмжих багийн бүрэлдэхүүнд багтан Өмнөд Солонгост очиж байсан тухай мэдээ бий. Дараа нь Хятадад гоцлол дууны мэргэжил эзэмших сургалтад сууж байсан нь Хойд Солонгосын жирийн хүмүүст хэзээ ч олдохгүй боломж билээ.

Бүсгүй эргэн ирээд Пончонбо хэмээх алдартай ансамблийн дуучин болсон ба энэ ансамбль нь эх орон, улс төрийн утга агуулгатай дууг цахилгаан хөгжимтэй дуулдаг, Ким Чен Ир-ийн дуртай хамтлаг байсан юм.

2011 онд Ким Чен Ир нас барж 2012 оны 4-р сараас улс орны удирдагч нь түүний хүү  боллоо. Тэр үеэс шинэхэн даргатай үе үе цуг харагдаж эхлэх болсон Ри Соль Жу гээч нь хэн болох тухай олон тооны худал үнэн цуу тарж байсан бөгөөд 2012 оны 6-р сарын 25 нд төрийн хэвлэл мэдээллийн байгууллагууд бүсгүйг "нөхөр Ри Соль Жу нь их удирдагчийн эхнэр" гэж зарласан байна.

Энэ хоёр залуу хэзээ гэрлэж, нэг бүл болсон нь тодорхойгүй. Зарим эх сурвалжаар 2009 онд тэдний хурим болж, дараа жил нь Ри хүүхэд гаргасан гэж байхад өөр бусад хүмүүс нь хоёр залууг анх 2010 онд уулзаж танилцсан гэнэ.

Өмнөд Солонгосын тагнуулын мэдээгээр Ри Соль Жу нь 2017 оны 2-р сард гурав дахь хүүхдээ төрүүлсэн ч энэ тухай Хойд Солонгосоос ямар нэг албан ёсны мэдээ огт гаргаж байгаагүй юм. Залуу гэр бүлийн анхны хүүхэд 2010 онд төрсөн бол хоёр дахь хүүхэд болох Ким Жү Э нэртэй охин нь 2013 онд төржээ.

Ри Соль Жу нь өөрийн улсын бусад эмэгтэйчүүдээс ихээхэн ялгаатай байдлаар хувцасладаг бөгөөд тухайн улсын ихэнх эмэгтэйчүүд нь тогтсон дэг жаягтай хувцас голлон өмсөж, аль болох даруухан дүр төрхтэй харагдах гэдэг бол тэргүүн хатагтай нь өвдөг хүрэхгүй богино банзал, өндөр өсгийтэй гутал өмсөн, олны дунд чөлөөтэй инээж ханиан байдаг гэнэ.

Хойд Солонгосын стандартаар төгс төгөлдөр хэмжээний гоо бүсгүй болох Ри нь Европ болон Америк загварын модыг илүүтэй сонирхдог ба Ким Жон Ун төрийн тэргүүн болсноор Хойд Солонгосын эмэгтэйчүүд нь урьд өмнө хориотой байсан өмд, өндөр өсгийтэй гутал өмсөх эрхтэй болсон зэрэгт энэ бүсгүйн нөлөө байгаа нь тодорхой.

Ри Соль Жуг өөрийн урт үсээ тайран, орчин үеийн засалттай богино үсээр гангарах болсон анхны Хойд Солонгосын тэргүүн хатагтай гэдэг ба БНАСАУ-ын хүн болгон зүүх ёстой удирдагчийн хөрөг бүхий тэмдгийн оронд үнэтэй гоёлын зүүлт энгэртээ зүүдэг юм. Үүнийгээ “миний хувьд энэ дэлхий дээр нөхрөөс нь минь өөр эр хүн гэж байхгүй гэдгийг харуулж байгаа юм” хэмээн тайлбарлана.

Диктаторын эхнэр нь барууны үнэт эдлэл хэрэглэх дуртай бөгөөд Dior болон Chanel зэрэг брэндийн цүнх барьж байгаа олон зураг бий. Хойд Солонгос улсад ган гачгаас болж олон жилийн турш хүн ам нь өлсөж зовж байх үед тэргүүн хатагтай нь ийм үнэт эдлэл барьж байгаа нь тун ч зохимжгүй байгаа тухай гадаадын хэвлэл мэдээллээр ихээхэн шүүмжилдэг билээ.

Урьд өмнө Хойд Солонгосын төрийн тэргүүн байсан хүмүүс нь өөрсдийн эхнэрийг олны өмнө гаргаж байгаагүй бол харин Ри Соль Жу нь нөхөртэйгөө цуг янз бүрийн арга хэмжээнд оролцож, олны өмнө гарч байдаг нь тоталитар дэглэмт улс оронд  баймааргүй их зүрх зориг юм.

Ким Жон Ун нь өөрийн өвөө, эцгийг бодвол ихээхэн огцом зан араншинтай хүн бөгөөд төрийн удирдагч хүнд ийм зан чанар огт зохихгүй гэдэг нь тодорхой. Түүний энэ байр байдлыг засаж зөөлрүүлэн байдаг гол зүйл нь түүний эхнэр, гурван хүүхэд  нь болов уу. Мөн Ким Жон Ун засгийн эрх барьж байгаа хүмүүсийн эгнээнд томоохон цэвэрлэгээ хийж олон хүнийг айдаст автуулж байгаа боловч ард олны амьдралд хэрэгтэй олон шинэчлэл хийсээр байгаа гэж зарим тоймчид үздэг юм.

Цаашдаа чухам юу болохыг урьдчилан таах аргагүй боловч БНАСАУ-ын иргэд нь урьд өмнөхийг бодвол илүү чөлөөтэй болж цаашид ч энэ нь улам бүр өргөжих биз ээ гэсэн бяцхан найдвар төрж байна. Харин Ри Соль Жугийн хувьд бол өнөөдөр тэрээр Хойд Солонгосын эмэгтэйчүүдийн үлгэр дууриал болж байгаа бол магадгүй цаашдаа тоталитаризмын үндэс суурийг ганхуулах гол хүч болж магадгүй билээ.

Эх сурвалж: caak.mn

  • Шинэ
  • Их уншсан