Леди Гага урлагийн одод оролцох тоглолтыг зохион байгуулна

Дэлхийг хамарсан цар тахлын улмаас бүгд гэртээ байх хэрэгтэй болоод байгаа энэ үед олонд танигдсан дэлхийн хэмжээний дуучид өөрсдөө санаачлан уран бүтээлээ нийтийн цахим сүлжээнд тавьж, мөнгө хандивлаж байгаа аж. Өөрийн гэсэн өвөрмөц стильтэй дуучин Леди Гага ч үүнээс хоцорсонгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа дуучин бүсгүй коронавирустай бүгдээрээ тэмцэж байгаа энэ үеийн түүхэнд дараа нь тэмдэглэгдэн үлдэх том арга хэмжээг зохион байгуулахаар  шийджээ. Тэрээр нэр хүндтэй найзуудаа энэ өвчинтэй тэмцэхэд зориулж хандивын сан байгуулахыг ятгасан аж. Ингэснээр Леди Гага 35 сая ам.доллар цуглуулсан байна. Гэхдээ ганц хандивын аян өрнүүлээд зогссонгүй. Нэртэй дуучид, хөгжимчдийг энэ сарын 18-нд дэлхий даяар шууд дамжуулах том тоглолтод оролцуулахаар ятгасан байна. Энэ нь Африкийн өлсгөлөнтэй тэмцэхийн тулд 1980, 1990 онд болсон дуучид нэгдэж тэмцэх ёстойг харуулсан “Live Aid” тоглолттой төстэй  байх аж. Леди Гага шууд дамжуулан үзүүлэх тоглолтонд нь Элтон Жон,Билли Айлиш, Паул Маккартни, Стив Вондер, Крис Мартин, Аланис Моррисетте гэсэн одуудыг оролцох хэрэгтэй байна гэв. Тэрээр “Энэ хэцүү цаг үед сэрсэн дэлхийн эв нэгдлийг дэмжиж баяр хүргэхийг хүсч байна.  Тоглолтыг үзэхийн тулд хэн ч төлбөр төлөх шаардлагагүй” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Шинэ
  • Их уншсан