УИХ-ЫН ГИШҮҮН Д. ЛҮНДЭЭЖАНЦАН БИЧИЖ БАЙНА:ХҮҮТЭЙГЭЭ АЯН ЗАМД

Халлаа, суйллаа, гарыг нь татаж ард нь гарах гэж үзлээ болдоггүй. Барьцгүй бас хөлд орчих гээд тун болохгүй удаан барилдлаа. Барилдах ч гэж дээ уначихгүй санаатай зуураад байсан хэрэг. Би Г.Занданшатартай барилдаж байгаа ухаантай юм л даа.

Олон залуучууд тойрчихсон хараад зогсож байгаа. Хархоринд болсон Өвөрхангайн залуучуудын чуулганд оролцоод Ардчилсан Социалист Залуучуудын холбооны хэд Баянхонгороод явж байх замдаа Төвхөний урд хормойд Орхоны хөвөөн дээр үдлэх үеэр нутагтаа ирснийх сэтгэл ч их өөдрөг, залуу хүнийг барилдъя гэхэд нь цааргалахгүй барилцаад авсан хэрэг. Занданшатар ч яахав гарынхаа чилээг л гаргах гээ биз дээ.

Тэгсэн хаяж ч чаддаггүй, унаж ч өгдөггүй лав 30-аад минут болоод хоёулаа амьсгаадсаар саллаа. Хэрдээ л хоёр Мөнх боллоо. Улс төрч Я.Содбаатар, яруу найрагч Ж.Мөнхбат нар Занданг Лүндээ ахыг бардаггүй хэмээн жиг жиг хөхрөн шоолж байгаа нь бүдэг бадаг сонсдоно. Манай хүү надтай хамт явсан юм. Намайг жаал зууралдаж байснаа буцаад ирэхэд тэр “ааваа та голцуу л хаяад байдаг биз дээ хаячихгүй яасан юм. Тэгвэл залуучууд таныг хариагүй” гэдгийг харах байсан юм гэж том үг хэлээдхэв. Тэгэхэд нь “оюуны хувьд биш гэхэд бие махбодын хувьд насны зөрүү гарна шүү дээ” гэлээ

Харин цааш Орхоны Улаан цутгалан явах замдаа Үүртийн тохойн рашааны хөвөөн дээр түр зогсосхийх зуур хүүдээ аав нь өөрийгөө харих болоогүй гэж бодож явдаг. Хийх ажил их байна. Улс орны өмнө ч, эрдэм номын хувьд ч. Миний хүү 16 хүрч байна. Цаг мөчтэй уралдаж, их зүйлийг сурч мэд. Аав шигээ өдий насанд тийм зүйлийг сурч байхгүй яав ийм ч зүйлийг хийж байхгүй яав, гэж амаа барихгүй байх ёстой гэсэн юмсан.

Их, бага хүрхрээн дууг сонсож хоноод маргааш өглөө нь эртээ гэгч босч Дорж жолоочдоо зам хол, хурдхан шиг хөдөлье гэв. Энэ сайхан ариун дагшин газар саатахгүй салхи шиг довтолгох юм даа хэмээн бодсон бололтой нэг том харснаа үүргэвч цүнхнүүдээ машиндаа ачлаа. Өвтийн давааг өгсч удаж төдөлгүй орой дээр нь гарлаа.

Алаглаад байгаа уул чинь

Алттай мөнгөтэй хангай юм даа

Аргагүй үнэн хайр чинь бол

Алтнаас чиг мөнгөнөөс чиг үнэтэй юм даа хө..,

гэсэн мөрүүд хэдэн жилийн өмнө намар оройхон энэ давааг давж явахад санаанд минь аяндаа орж ирснийг давах болгондоо л санадаг юм. Өвтийг уруудаад Өлтийн ам руу орж ирэв. Гэр, байшин сав, машин жагсаж, хиймэл нуурууд, язганасан олон хүн амьтан харагдана. Яг тэр дундуур явлаа. Мөөжиг /манай хүүгийн нэр/ сайн хараарай гэж хүүдээ бас хэллээ.

Шав шар тогтонги усанд түмпэнтэй шороогоо шигшиж буй хөгшин, залуу, хүүхэд багачууд цөм завгүй хөдөлцгөөнө. Аав нь хоёр хувинтай шороог мөрөн дээрээ дамнуургадан алхаж, арав орчим насны хүү нь түмпэнгээ барьчихсан, ээж нь хоёр гартаа шигшүүрээс эхлээд, хоол хүнс ойр зуурын зүйлс бололтой хоёр тортой юм барьчихсан алхаж явна. Жолоочоо зогсооч, гэж зогсоогоод тэр гурвыг дуудтал овоолгын араар ороод дуулаагүй бололтой яваад өгөв. Тэгтэл ачааны машин дээр шороо ачаад хүрз, жоотуугаа аччихсан гурван нөхөр, гишүүнээ сайн явж байна уу? Бид ингэж л амь зуухаар үзэж тарж байна даа гэж хашхираад гар даллаад өнгөрөв. Хажуу хавийн гэрээс хэдэн эмэгтэй саравчлан харж, хуушуур гарсан шүү гэж хашхирч байна.

Төдөлгүй тэнгэр бүрхэж юу юугүй бороо асгарч эхэллээ. Жаахан уруудаад явж байтал шавар шавхай улам их болж халтиргаа гулгаа таарч эхлэв. Мотоциклтэй хоёр хүн гар өргөөд зогсоолоо. Шүхэр барин бууж ирвэл Зүүнбаян-Улааны Шархүү гуай мотоциклын араар суучихсан, чамайг аймаг явж байна гэж дуулаад амдаж зогсоолоо гэж байна. Та яаж яваа юм? Алт ухах гэж яваа юм уу? гэж тоглоомоор асуувал хоёр морио алдчихаад хайхаар гарсан чинь бороо орчихлоо. Ойрд уулзаагүй мэнд мэдэх гэсэн юм гэв. Баян Шархүү гэх энэ өвгөн намайг бага байхад л түүнээс зээлж нэгдлийн хөдөлмөр өдрийн хөлсийг тавих гэнэ гэж дуулддаг угийн хөдөлмөрч, бас наймаачин хүн гандан буурахгүй, одоо бараг 90 хүрээ биз дээ.

Би Өмнөговь хүрэхээр явна. Намайг энд явааг яаж мэдэв гэвэл хоолны газарт манай нутгийн хүмүүс ажилладаг юм. Тэдэнтэй энэ хүүгээр яриултал манай гадаа гишүүний машин зогсоод хөдөллөө гэнэ. Нээрээ л холбоо харилцаа ийм л болсон цаг л даа гэж бид ярилцав. Азарган бороон дунд тамхилах зуур өвгөн энэ хөөргийг гадны хүн авъя гээд байх юм. Нутгаасаа гаргамааргүй байдаг… гэж угийн наймааны аргатай хүн залирхагаар инээж байна.

Бороон дунд шороо угаагчид ажлаа хийсээр л .., Харин биднийг тэр хавьд байсан хүмүүсээс 10 гаруй хүн бүчин авлаа. Лүндээжанцан, чи биднийг хөөх гэж байна уу? гэж нүүр нь бороо шороонд холилдоод тас хар болсон халамцуу залуу агсрах маягтай эхэллээ. Эхлээд хоёулаа амар мэндээ мэдэлцве. Чи аль нутгийн хүн бэ? гэвэл би хажуу аймгийн хүн, та нар намайг хөөх гэвэл гайгүй хэвтэнэ хэмээн нүд ам нь гялалзана. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө учир зүйгээ олноо хө гэвэл энэ өөрөө олигтой ажиллахгүй олсон хэдээрээ гударч байгаа нөхөр байгаа юм. Гишүүнийг ирсэн дээр сайхан ярилцахын оронд гай болоод гэж нутгийнх бололтой хүүхэн хэлж байна. Сум, аймагт хүн хартай уулзалгүй үүгээр ороод гаръя гэж бодсон юм. Та нарын энэ байдлыг яг байгаагаар нь харъя л гэж бодсон. Цаашдаа яахав гэдгийг цөмөөрөө л адилхан бодох ёстой. Та нар маань нүх ухаж, шороо угаахаас илүү мод тарьж ногоо ургуулаад үүнээсээ илүү авдаг болох арга байна уу? гэх жишээтэй л зүйлүүд бодох юм даа гэлээ. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийгээд дуусч байна. Одоо өвлийнхөө идэшний мөнгийг хийчихвэл гэж нэг гэр бүлийн дөрөв ярьж байна. Энэ мэтээр яриа маань аятайхан болоод цааш хөдлөв. Бороо асгарсаар, хүмүүс шороогоо ухсаар л..,

Уянгын төв өнгөрөөд явж байтал нэгэн фургон машинаас хүмүүс гарч зогсоосон нь Баянгол сумын П.Цолмон, С.Цэдэнбалжир гээд дарга нар хэсэг нөхдийнхөө хамт мөн л Төвхөн, Цутгалан ороод буцаж яваа юм байжээ. Би хүүгээсээ энд 20 гаруй мянган хүн байна. Хүмүүсийн маань нэг хэсгийн амьдрал ийм л байна. Чи юу бодож байна гэхэд: ямар ч байсан хөдөлмөр хийж байгаа нь сайн хэрэг, энэ их хүчийг өөр зүйлд зөв зохион байгуулах хэрэгтэй. Жишээ нь шинэ хот суурин байгуулж Хархорины дэргэд шинэ хот байгуулах гэх зэрэг гэж бас л эр хүний хэлэх үг хэллээ. Би хариуд нь миний хүүгийн хэлдэг хэлэх л үг. Шинэ зуун гарчихаад байхад аль тэртээ XIX зууны Аляск шиг л байдалтай байна даа, үнэн дээ. Хүмүүс энэ байдлаар амьдрах гэж зүтгэж байгаа нь нэг талаар эмгэнэлтэй ч зүгээр суугаа улсаас эрх биш дээр гэж санаснаа л хэллээ.

Миний хүү саяны харснаа мартаж болохгүй. Яавал үүнийг өөрчлөхөв гэхчлэн аав хүү хоёр том том юм ярьж явсаан. Аав, ээж хоёрынхоо дунд түмпэн барьчихсан, томдсон орос бакальний түрийг эргүүлчихсэн алхаж яваа жаал хүүгийн дүр төрх харагдсаар. Өнгөрсөн зууны 60-аад онд аав, ээжийнхээ дунд суугаад гутал загнахад нь тусалж хадаас тэгшилж суусан тэр жаргалтай үеэ дурсах, аав ээжийгээ үгүйлэн санах сэтгэл байн байн төрнө. Аймгийн төв өнгөрч Онгийн голын өргөн зүлэг рүү орж ирэхэд таана цэцэглэж найган байгаа нь ойрд болоогүй зун болсныг илтгэн байв.

Ийм сайхан талд цэв цэнхэр тэнгэр хараад хэвтэж баймаар байсан ч газар хол тул явахаар бослоо.

Талын чинь уужмыг ээ

Цэцэг ургадаг тэнгэр юм аа

Малын чинь олны гээ

Цэлмэг шөнийн одод юм аа..,

гэж нэгэнтээ энд би дотроо дуу алдсансан. Онгийн голоо уруудан давхисаар Дундговийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай Өмнөговийн Мандал-Овоогийн нутгаар дайран алдарт Өөш манхнуудыг сүлжин Өмнөговийн төв Даланзадгадын дэргэдэх хурал семинар болох жуулчны баазад говийн цагаан шөнөөр хүрч ирж хонов.

Өглөө нь Конраэд Аденаурын сангаас зохион байгуулж байгаа нутгийн өөрөө удирдах ёсны талаарх хуралд оролцов. Д.Идэвхтэн дарга, Р.Раш ах, Ц.Баярсайхан гишүүн гээд Өмнөговь, Дундговийн угшилтай гишүүд ирсэн байв. Үдээс хойш нь биднийг Говь-гурван сайхны Ёлын аманд аваачиж мориор уг аманд оруулав. Аагим халуунд мөс нь хөлрөөд байх сэрүү татсан энэ аманд явж байтал миний даасан ангийн оюутан тус аймгийн шүүхийн дарга Ц.Сумъяа маань гэр бүлтэйгээ хамт яваатай тааралдаж монгол нутаг маань уужим ч хүний хувь тохиол илүү их учраас энд тааралдлаа даа хэмээн баясан ярилцацгаав. Энд тэнд явахдаа өөрийнхөө таньдаг нөхөд түүн дотроо нэг ангийнхаа нөхрийг сурагладаг хойно их сургуулийн ангийн нөхөр прокурор байсан Дашдооровыгоо сураглатал тэр маань миний ирснийг дуулсан, маргааш өглөө Даланзадгадад уулзах гээд хүлээж байгаа гэнэ.

Өчигдөрхөн л нов ногоон хангайд, орой нь таана ханхалсан талд одоо зэрэглээ татсан өмнийн их говьд байна. Явуугийн “Миний араншин” шүлгэндээ бичсэн шиг л юм даа эх орон минь! Миний хүү эх орноороо жаал яв. Энэ бөмбөрцгийн хаана ч явсан эх нутгаас минь сайхан газар байх юм биш. Үүнийг л сайн мэдэрч ав гэж чухамхүү байгалийн тэрхүү үзэсгэлэн сайхны дунд хэлж билээ.

Маргааш нь нохой гаслам халуунд ирснээсээ арай зүүнтээгүүр машины ус халсныг ч үл тоон ёнгинуулж гарав. Үд болох үед Дэлгэрхангайн барааг харав. Миний хүү тэр цэнхэртэж байгаа уулыг Дэлгэрхангай гэдэг юм. Нөгөө С.Дашдооровын “Говийн Өндөр” гэдэг чинь байхгүй юу. Пүрэвдорж гуайн “Говийн Өндрөөс зурсан зураг” гэдэг шүлгийг уншаарай. Тэгвэл явж байгаа энэ газрыг билгийн нүдээр харвал яаж буудгийг мэдэх болно гэлээ. Түр зогсож зам асуух, машиныхаа хөдөлгүүрийг түр боловч унтраах шаардлага гарах нь мэдээж. Гэтэл айл харагддаггүй, тэгж явж явж айлын бараа харж гадна нь очин зогслоо. Гэтэл тэр айл маань Раш гуайн дүүгийнх ажээ. Ах чинь ирж яваа байх. Бид яараад өглөө эрт Өмнөговиос гарсан. Өвөрхангайн Баян-Өндөрт /манай сум/ оройдоо багтаж очих ажилтай явна гээд Эрдэнэдалайн, тэр тусмаа Раш гуайнхаа хөдөө гэрийн айргийг ууж аваад хөдөллөө.

Харуй бүрий арай болоогүй байхад Баян-Өндөрийн төв Бумбат орж, Улаанбаатараас ирсэн нөхөдтэйгөө нийлж аваад сумын клубд бүжгэнд орж явчихлаа. Аав нь нутгийнхаа найз нөхөдтэй айргаар хуруудах, хүү хөгжим ажиллуулах, нутгийн залуустай дуулж, бүжиглэхээр ажил үүргээ хуваарилан шөнө дундаас хойно гарлаа. Өдийд адуу бэлчээртээ хүрч айраг бараг иссэн дээ. Хүү маань ч энэ гурав хоногт миний үг яриаг сонссоноосоо дутуугүй амьдралаас, юм юмны захаас ухаарч анзаарсан ч юм бил үү. Аав хүү хоёр замд хамтдаа явлаа. Амьдрал гэдэг ч бас аян зам, үр хүүхдийнхээ тэр замд эртхэнээс бэл суулгах гэж л аав, ээж нь бодох юм даа.

2005.08.10

  • Шинэ
  • Их уншсан