УИХ-ЫН ГИШҮҮН Д. ЛҮНДЭЭЖАНЦАН БИЧИЖ БАЙНА:ЗУУН ШИРХЭГ НЭГТИЙН ДОЛЛАРТОЙ ЯВАХАД Л ХАМАГ ХЭРЭГ БҮТЭХ ГАЗАР

Монгол Улсын цэргийн албан хаагчдыг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх, тэдний бэлтгэл хангах, НҮБ-ын мандаттай болох ажлаар Зүүн Тиморт очиж туршлага судлах нилээд олон хүнтэй багийг ахалж яваад ирлээ.

Ц.Дашзэвэг, Р.Гаваа, Г.Рагчаа генералуудаас эхлээд парламентын гишүүн У.Хүрэлсүх, Н.Ганбямба нар, хууль зүйн салбарынхан оролцсон бидний нөхөд Индонезийн зүүн хэсэгт Тимор арлын зүүн хэсгийг эзлэн орших газрын зураг дээр улс болж зурагдаад дөнгөж жил гаруй болж буй тэр оронд очсон минь энэ. Австралийн хойд захын Дарвин хотоос нисэж тус арал дээр очих юм. Явахаасаа өмнө Зүүн Тимор гэж ямар улс, ямар газар байдаг юм бол гэж газрын зураг дээр харан дүн багцааны ойлголттой л явцгаасан билээ.

Далайн эргээсээ эхлэн ганц нэг 2-3 давхар, голцуу дан байшингуудтай, далайн хөвөө дагасан нилээд энхэл донхол 10 гаруй км замтай, замаа дагаад ганцхан урт гудамжтай, тэндээсээ шууд ширэнгэ ой руугаа орчихдог өвөрмөц газар ажээ.

Манай жижгэвтэр аймгийн төвтэй л төстэй юм уу даа гэж бид ярьж явлаа.

Далайн хөвөөнд загас барьж жуулчдад хэдэн мөнгөөр худалдаж буй экваторын халуун наранд борлосон чөргөр хүүхдүүд хаа сайгүй.

Хэдхэн алхаад зөрөг замаар ой руу нь ороход модонд нь зэрлэг гадил жимс багсайж, хүний толгой шиг бөөрөнхий наргил модны самар шаргалтан, хан боргоцой бурзайна.


Тусгаар улс болоод нэг жил болох гэж байгаа юм байна. Нийслэл нь Дили хот гэх нь Энэтхэгийн Делитэй бичихэд андуурмаар юм. Индонезийн зүүн арлуудын л нэгний орон. Өмнө нь Тимор арлын баруун хэсэг нь Голланд, зүүн Тимор нь Португалийн эзэмшилд байжээ. 1975 онд эдгээрийн эзэмшлээс гарангуут нь Индонези эзэлж авсан байна. Ингээд бослого тэмцэл байнга гарах болсноос үзвэл чонын амнаас гараад барын аманд гээч болсон ч юм билүү. Сүүлдээ НҮБ энхийг сахиулах хүчнийг оруулж байж мөргөлдөөнийг зогсоож, Зүүн Тимор гэсэн тусгаар тогтносон улс 2002 онд дэлхийн газрын зураг дээр нэмэгджээ.

Хулсаар ханыг нь хийсэн, борооноос халхалсан дээвэртэй, жижигхэн саравчирхуу байшинд амьдарцгаах юм. Мөнхийн халуун энэ газар оромж л байхад боллоо гэж үздэг гэмээр.

Бэлэн зэлэн жимсээ идээд өлсөхгүй амьдраад байдаг учраас нозооронгуй, залхуудуу ч гэж харагдахаар хүмүүс харагдана билээ.

Сая орчим хүн амтай гэх энэ шинэ улсад НҮБ-ын мандатаар ирсэн есөн улсын цэнхэр дуулгатнууд энхийг сахиулж байгаа гэлээ. Бид Португал, Японы энхийг сахиулах хүчнийхэнтэй уулзаж ярилцав. Орон орны цэргийнхэн хамтраад нэг баг, анги болж ажиллаж байгаа нь ч байв. Жишээ нь Португалийн энхийг сахиулах хорооны дотор ажиллаж буй нийгмийн хэв журам сахиулах ангийг ОХУ-ын иргэн толгойлж ажиллаж байх жишээтэй. Оросын цагдаагийн хурандаа Игорь Иванович Семенов ярихдаа: Шүүх, прокуроргүй чинь хэцүү юм. Саяхан тосгонд ажилладаг эндхийн цагдаа хулгай хийсэн этгээд гээд нэг нөхрийг бариад ирлээ. Нотлох баримт энээ тэрээ бүрдүүлэх юм байхгүй. Энэнээс өөр хулгай хийх хүн тэр хавьд байхгүй. Айлын хоёр ямаа алдагдсан энэ л авсан гээд бариад, гавлаад аваад ирсэн. Гэрчийн мэдүүлэг гээд бичиг цаас хэрэглэж сураагүй газар байна гээд дал мөрөө хавчив. Энд хамгийн гол нь нэн даруй өөрийн хуульчидтай болох хэрэгтэй байгаа тухай ярилаа.

Зүүн Тимор стратегийн чухал байрлалтай учраас олон зууны өмнөөс Европынхон эрхшээлдээ байлгаж ирсэн, одоо үед АНУ-ын тэнгисийн цэргийнхэн Номхон далайн өмнөд хэсгийг хянахад цэвэр усаа авдаг түшиц газар учраас анхааралдаа байлгадаг нөлөөний газрын нэг юм байна. Биднийг АНУ-ын Номхон далайн энэ бүс нутагт байрлаж буй нисэх онгоц тээгч хөвөгч хөлөг дээр урив. Бид усан онгоцоор явж уг хөвөгч “арал” дээр очлоо. Усан онгоцтойгоо аварга хөлөг рүү яваад орчих юм. Усан онгоцноос хөлөг дотор буун хөлгийн гаднах тавцанд гарч ирвэл доод талын талбай дээр сөнөөгч онгоцууд нисч, бууцгаагаад, нисдэг тэрэгнүүд эгнээ эгнээгээрээ зогсоцгооно.

Бидний үзэж яваа энэ аварга хөвөгч хөлөг хэдэн давхар ч юм бүү мэд ямар ч атугай доод тал нь 5–6 давхар байх шиг байлаа. Асар том агуулахтай. Тэнд нь цэргийн зам барилга, инженерийн зориулалттай аварга, аварга машин механизм эгнэчихсэн зогсч байна.

Бид бас эмнэлгээр нь оров. Дайн тулааны эрсдэлтэй үед шархдагсдад мэс засал хийх хагалгааны ор гэхэд 25-ыг эгнүүлчихсэн, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний зориулалттай орнууд мөн л эгнээ эгнээгээрээ байх юм. Дайн байлдаан болбол тийм их цус урсана гэж төлөвлөж, бэлтгэдэг юм байж л дээ. Таван мянган усан цэрэг хооллох багтаамжтай тэнгисийн цэргүүдийн хоолны газраар орж танилцлаа. Ер нь л бүтэн өдөржингөө Америкийн тэнгисийн цэргийн амьдралтай өмнө нь киноноос харж байсан бол бодит байдал дээр нь ийнхүү танилцлаа.

Үдийн хоолыг уг хөвөгч хөлөг дээр цэргийн хоолны газарт төмөр таваг, аяга хангинуулаад идэж уух сонин.

Ер нь бид энд ирээд тав хонохдоо цэргийн маягаар л жижигхэн усан онгоцон дээр (зочид буудал) байрлаж, сав суулга, жижиг эдлэл хэрэглэл цөм цэргийн зориулалттай зүйл хэрэглэж байлаа. Зүүн Тимор руу явах гэж байхад айхтар хатгадаг шумуул, хорхой байдаг, тэрүүнд нь хатгуулбал дуусдаг юм гэнэлээ гэсэн яриаг сонсч байсан учраас ойгоор хамаагүй явах, далай руу орохоосоо болгоомжилж явав. Тийм шумуултай газар бий нь бий. Хүмүүс амьдардаг энэ хавиар гайгүй. Ганц нэг тохиолдол бол байдаг гэж энхийг сахиулахынхан ярьж байв.

Энэ хол буйд газарт ч монгол хүнтэй тааралддаг юм байна. Төслийн шугамаар энд нэг сарын томилолттой ирээд байгаа Нараа гэдэг бүсгүй усан онгоцон дахь буудлын нэг умгархан өрөөнд байрлаж байгаа монголчуудтайгаа нэг байранд тэгэхдээ усан дээр шүү гэж гайхаж баярлаж байлаа. Энэ эмэгтэй Индонези нөхөртэй, Жакартад амьдардаг айлын эзэгтэй юм байна.

Бид ийнхүү Индонези хэлний орчуулагчтай болоотохсон юм. Биднийг энд ажиллаж буй Дэлхийн банкны төлөөлөгч гэртээ урилаа. Эндхийн хамгийн аятайхан тохилог байрны нэгэнд амьдардаг юм байна.

Саруулхан гурван өрөөтэй цэвэрхэн айл байна. Энэ газар та нартайгаа уулзах гэж хэмээн дуу хадаан гэрийн эзэгтэй биднийг угтсан юм. Энэ айл бол Монголд мөн л Дэлхийн банк, Олон улсын Валютын Сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан нөхөр, гэргий хоёр юм. Орвол зочны өрөөний ханаар монголын уужим тал хээр, мал сүргийн зураг харагдах нь дотно сайхан байлаа.

Нөхөр нь малайз, эхнэр нь иран эмэгтэй юм. Та нар маань энд хүрээд ирдэг сонин юм. Бид хоёр оюутан ахуй үедээ Лондонд танилцан сууж, дэлхийн олон оронд очиж ажилласан. Хоёр хүүхэд маань том болсон, бид эмээ өвөө болцгоолоо.

Бидний ажиллаж амьдарч байсан 10-аад улсын хамгийн сэтгэлд ойр дотно нь Монгол юм.

Монголд бид хоёрын олон найз нөхөд байгаа. Ялангуяа миний найз нар олон гэж гэрийн эзэгтэй ярив.

Нас тогтсон энэ иран эмэгтэй нутагтаа байсан бол чодор нөмрөгөн дороос дүрлийсэн хоёр алаг нүд л харагдана даа гэж бодож суулаа. Гэрийн эзэгтэй манайхны хийдэг нийслэл салат хийчихсэн, бас мах шарж, бууз жигнэн биднийг дайлав. Гэрийн эзэгтэй: Би монгол бүсгүйчүүдэд хэлдэг юм. Азидаа хамгийн аз жаргалтай эмэгтэйчүүд гэвэл та нар шүү. Эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө гэдгийг та нар л жинхэнээр нь эдэлж байгаа шүү гэж хэлдэг.

Ираны эмэгтэйчүүдийн байдлыг та бүгд мэдэх учраас би яриад яахав. Энэ бурангуй ёс заншил, дэглэмд баригдаагүй жирийн хүний амьдралаар амьдрах замыг оюутан байхдаа сонгосон юм. Одонгоо (Л.Одончимэд), Гэрэлсүрэн хоёр найздаа жаахан бэлэг та нараар өгч явуулъя гэж хүслээ.

Дэлгүүр мухлаг гэж ер нь харагдахгүй, харин манайхны ТҮЦ-үүд шиг гэрийнхээ үүдэнд, хайрцаг саван дээр савласан ус, саван, чихэр, тамхи ойр зуурын зүйл тавьчихсан худалдаалж байна. Төвдөө захтай. Натурал кофег шуудай шуудайгаар нь тавьчихсан хиллэж зарах юм. Автобус, микроавтобус нийтийн тээвэрт явахгүй жижиг оврын машин, мотоцикл үйлчлэх бөгөөд хаашаа ч явсан нэг ам долларын үнэтэй. Ер нь энд үндэсний мөнгөн тэмдэгт гаргаж амжаагүй америк доллароор худалдаа арилжаагаа хийнэ. Голцуу нэг ам доллар гэнэ. Таксигаар явахад нэг ам доллар, ууттай кофе авахад нэг ам доллар, саван авахад бас нэг ам доллар, ундаа авахад нэг ам доллар гэхчлэн голцуу нэг маягийн үнэтэй байх юм. 100 ширхэг нэгтийн доллартой явбал таарах газар юм байна гэж бид хошигнож явсны учир энэ.

Төр ёсны туршлагаасаа хуваалцвал хуваалцах л байв. Харамсалтай нь үүнийг асууж сурч, лавлаж байгаа Тимор хүн гарсангүй.

Удахгүй олон сайн үндэсний мэргэжилтэнтэй болох байлгүй дээ хэмээн онгоцонд суухаар онгоцны төмөр шатаар өгсч явахдаа би бодож явлаа.

2003.IV сар

  • Шинэ
  • Их уншсан