АНУ vs Хятад: Технологийн өрсөлдөөнд хэн нь давамгайлж байна вэ?

Хиймэл оюун ухаан, 5G сүлжээ, квантын компьютер, хагас дамжуулагч болон жолоочгүй автомашин зохион бүтээх зэрэг инновацийн хамгийн чухал салбаруудад АНУ ба БНХАУ-ын олж буй амжилт, ахиц дэвшлүүдийг Америкийн өдөр тутмын “Wall Street Journal” сонинд харьцуулан дүгнэжээ. Эдгээр салбарын ихэнхэд нь АНУ давамгайлж байгаа боловч Хятад улс хоцрогдлоо маш богино хугацаанд нөхөж байгаа тухай сэтгүүлч Аса Фитч, Стю Вүү нарын бичсэн нийтлэлд онцлон дурдсан байна.   
Улс орнуудын геополитикийн нөлөө нь технологийн хөгжлөөс улам бүр хамаарч буй өнөөгийн дэлхий ертөнцөд АНУ өрсөлдөгчдөө олон жилийн турш ардаа орхисон хэвээр байна. Америкийн компаниуд хамгийн өндөр хурдтай компьютер, хамгийн хурдан сөнөөгч онгоцууд, хамгийн сайн роботуудыг үйлдвэрлэж байна.
Гэсэн хэдий ч өдгөө дэлхийд хоёрдугаарт орох том эдийн засагтай болсон Хятад улс технологийн салбарт асар их хөрөнгө оруулалт хийж байгаа нь Америкийн давуу байдлыг улам бүдэгрүүлсээр. Хятадуудын ололт амжилтаас болгоомжилсон Ерөнхийлөгч Д.Трамп Бээжингийн эсрэг өргөн хэмжээний худалдааны дайн явуулж эхэлсэн билээ. 
 
Коронавирусний улмаас учрах эдийн засгийн хохирол энэхүү өрсөлдөөний явцыг хэрхэн сааруулах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа боловч ширүүн өрнөж буй уг тулааныг төдийлөн сулруулж чадаагүй гэдгийг итгэлтэй хэлж болно.
 
Хамгийн орчин үеийн хагас дамжуулагч зохион бүтээхэд нь Хятадад саад хийхийн тулд Трампын засаг захиргаа дахин хориг арга хэмжээ авч магадгүй тухай мэдээлэлд ойр эх сурвалжууд ярилаа. Хэрвээ америкчууд ийм хориг тавибал Хятад улс хариу арга хэмжээ авна гэдгийг харилцаа холбооны “Хуавэй” компанийн захирал өнгөрсөн сард анхааруулан мэдэгдэж байв.  
5G-ээс үүдэлтэй технологийн тулаан маш ширүүн өрнөж байгаа бөгөөд “Хуавэй” компанийн төлөвлөгөөг нураахын тулд АНУ онцгой арга хэмжээ авахад хүрчээ. Үүрэн телефоны технологийн салбарт тэргүүлж буй “Хуавэй”-г АНУ-ын кибер аюулгүй байдалд заналхийлж байна гэж Вашингтон үздэг. 
Одоохондоо хүмүүсийн амьдралыг орвонгоор нь өөрчлөөгүй байгаа боловч ойрын ирээдүйд бидний амьдралын хэв маяг, бидний эрхэлж буй ажил төрөл, дайн хийх арга замыг жинхэнэ ёсоор өөрчилж магадгүй байгаа технологийн бусад салбар руу Америк-Хятадын өрсөлдөөн аль хэдийнэ шилжээд байна.
Тэгэхээр инновацийн тэргүүлэх салбаруудыг хамарсан АНУ-Хятадын “технологийн дайн” яг одоогоор хэрхэн өрнөж байна вэ?
 
5G сүлжээний технологи
 
АНУ-ын Ерөнхий прокурор Уильям Барр энэ оны 2 дугаар сард мэдэгдэхдээ “АНУ болон түүний холбоотнуудын хувьд “Хуавэй” компанийн өрсөлдөгчид болох Европ дахь “Нокиа”, “Эриксон” компаниудыг санхүүгийн хувьд сонирхох хэрэгтэй” гэсэн нь 5G технологийн салбарт АНУ ямар түвшинд байгааг тодорхойлсон хэрэг байлаа.    
Харин дараахан нь Цагаан ордон уг хоёр компанийг худалдан авахаас татгалзсан юм. Гэхдээ Баррын мэдэгдэл нь “Хуавэй”-тэй өрсөлдөх компани Америкт байхгүй гэдгийг нотолж байна. “Хуавэй” бол үүрэн телефоны антеннууд дээр байрлах радио тоног төхөөрөмж үйлдвэрлэх талаар дэлхийд тэргүүлдэг компани юм.
Хэд хэдэн удаа бүтэлгүй оролдлого хийсний дараа Америкийн “Lucent”, “Motorolа” компаниудын үлдэгдэл хувьцааг Финландын “Нокиа” болон Шведийн “Эриксон” компаниуд худалдан авав. Скандинавын энэ хоёр компани “Хуавэй”-тэй өрсөлдөх явцад алдагдал хүлээж, ажилтнуудаа халахаас аргагүйд хүрч байлаа. Харин Хятадын компани тэргүүний технологи ашиглан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хямд үнээр борлуулснаар Европын хоёр компанийн зах зээлийн орон зайг нь бараг бүрэн эзэлжээ.
Гэхдээ 5G технологийн салбарт хүчтэй өрсөлдөж чадах хэд хэдэн компани АНУ-д бий. Тухайлбал, Cisco Systems бол рүүтэр болон үүрэн телефоны тоног төхөөрөмжийн холбох хэрэгслийг үйлдвэрлэгч хамгийн том компани. Мөн үүрэн телефоны технологийн патентуудыг эзэмшдэг Qualcomm, InterDigital зэрэг компанийг дурдаж болно. 
Гэвч Америкийн компаниудын эзэлж буй зах зээл нь төдийлөн том биш бөгөөд “Хуавэй” ч мөн адил тухайн зах зээлд байр сууриа нэгэнт эзэлчихсэн байгаа. Хятадын компанийн 5G сүлжээнд оруулж буй хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь нь үүрэн телефоны тоног төхөөрөмж /радиостанц/ зохион бүтээхэд зарцуулагдаж байгаа учраас уг зах зээлд “Хуавэй” давамгайлж байгаа юм. 
 
“Хуавэй” компани хамгийн орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжийг маш богино хугацаанд үйлдвэрлэж чадна. Энэ нь Хятад улс 5G сүлжээний зах зээлд маш хурдтай нэвтрэх, тус улсад 5G-д тулгуурласан шинэ технологиудыг /жишээ нь, жолоочгүй автомашин/ гарган авах зорилгоор лабораториуд байгуулахад тус дөхөм болжээ. Үүний сацуу радио долгионы давтамжийн царааг /диапазон/ хязгаарласан нь Америкийн 5G сүлжээг нэвтрүүлэх явцыг удаашруулсан байна. 
 
Гэсэн хэдий ч 5G технологийн өрсөлдөөнд Хятад улс ялж байна гэж дүгнэх нь эртдэх болов уу. Учир нь, үүрэн телефоны тоног төхөөрөмж, ухаалаг гар утасны үйлдвэрлэлийн салбарт “Хуавэй”-гийн давамгайллыг сулруулах арга хэрэгслүүд Вашингтонд бий гэдгийг тооцох хэрэгтэй. Тодруулбал, “Gavekal Dragonomics” гэдэг судалгааны төвийн Бээжин дэх салбарын шинжээч Дань Ван-ын ярьснаар “Вашингтон дахь Холбооны албад “Хуавэй”-гийн эсрэг хоригийг чангатгах тухай асуудлыг хэлэлцэж байгаа” ажээ.
 
Гэсэн хэдий ч 5G сүлжээний технологийн салбарт Хятад улс давуу байдлыг нэгэнт олж авчээ.
 
Хиймэл оюун ухаан
 
2030 он гэхэд хиймэл оюун ухааны салбарт дэлхийд тэргүүлэх зорилт тавьсан гэдгээ Хятад улс 3 жилийн өмнө зарлан мэдэгдсэн бөгөөд уг салбарыг үүсгэн хөгжүүлэхэд 150 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Хятадын “Алибаба”, “Байду” зэрэг технологийн аварга том компаниуд хиймэл оюун ухааныг хөгжүүлэх судалгаанд олон тэрбумын хөрөнгө оруулсны зэрэгцээ Хятадад болон Америкийн Цахиурын хөндийд лабораториудаа нээгээд байна. Үүний үр дүнд дээрх компаниуд цахим худалдаа болон хүмүүсийн нүүр царайг таних алгоритм зохион бүтээх тал дээр өрсөлдөгчдөө ардаа орхижээ. Хятадын асар олон хүн ам, тэднийг хянан цагдах дэд бүтцийн сүлжээ, хүмүүсийн хувийн халдашгүй байдлыг үл ойшоодог зэрэг нь асар их мэдээллийг цуглуулах боломжийг олгодог ба илүү боловсронгуй хиймэл оюун ухааныг зохион бүтээхэд нөлөөлөх нь гарцаагүй.
 
Хэдийгээр Хятад улс судалгаанд их хэмжээний мөнгө хөрөнгө зарцуулж, нүүр царай таних гэх мэт талбарт өрсөлдөгчдөөсөө түрүүлсэн боловч бүхий л тал дээр тэргүүлж байна гэж хэлэх боломжгүй. Сэтгэлгээний өргөн цар хүрээ бүхий хиймэл оюун ухааны тухайд Америкийн “Майкрософт”, “Гүүгл” зэрэг компани илт тэргүүлж байгаа гэдгийг улс төрийн эрсдэлийн асуудлаар зөвлөгөө өгдөг “Eurasia Group” фирмийн шинжээч Пол Триоло онцоллоо. Америкийн технологийн компаниуд асар их мөнгө хөрөнгөтэй бөгөөд энэ мөнгөө зөвлөгөө өгөх үйлчилгээ, зорилтот хэрэглэгчдэд чиглэсэн зар сурталчилгаа болон зүй зохисгүй, хориглосон зураг дүрсүүдийг автоматаар шүүн илрүүлэх зэрэг технологийг боловсруулахад зарцуулдаг. Зарим компани хиймэл оюун ухааны үйлчилгээг борлуулж, бусад компани, засгийн газрууд болон цагдаагийнхан зохион бүтээсэн алгоритмуудыг  нь ашиглаж байна.   
 
Хиймэл оюун ухааны салбарын дэлхийн хамгийн шилдэг эрдэмтэд АНУ-д ажилладаг гэдгийг дурдах нь зүйтэй. Тэргүүлэх их сургуулиуд, мэдээллийн технологийн баян компаниудын боломжийг бүрэн ашиглахын зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг эрдэмтдийг урин ажиллуулж байна. Чухам үүнд Америкийн давуу тал орших бөгөөд уг давуу тал наад зах нь гэхэд, дунд хугацаанд хадгалагдана. Шинжээч Триоло-гийн үзэж байгаагаар, эдгээр давуу талыг хадгалан үлдэхийн тулд Канад, Европ, Израиль төдийгүй Хятадын мэргэжилтнүүдтэй шинжлэх ухаан, арилжааны солилцоо хийх нь маш чухал ажээ.
Тодорхой хэлбэл, хиймэл оюун ухааны салбар нь дөнгөж бүрэлдэн тогтох шатандаа байгаа бөгөөд уг салбар хөгжин бэхжих үйл явцад маш олон хүн хувь нэмрээ оруулж байна. Энэ нь санхүүжилтээс ч илүү чухал хүчин зүйл байж магадгүй.
Дүгнэвээс, тухайн салбарт АНУ давуу байдалтай байгаа боловч Хятад улс төдийлөн хол хоцроогүй байна.
 
Квантын компьютер
 
Квантын компьютер зохион бүтээх тал дээр АНУ маргаангүй тэргүүлж байна. Өнгөрсөн онд “Гүүгл” компани 54 кубитын квант компьютер ашиглан замбараагүй өгөгдсөн тоонуудын магадлалыг хэмжиж, ердийн компьютер дээр хийх боломжгүй тооцооллыг хийснээр “квантын давуу байдал”-ыг бий болгосноо зарласан билээ. “Гүүгл”-тэй өрсөлддөг Америкийн өөр нэгэн компани болох “Business Machines” ч мөн адил ийм амжилтанд хүрч чадсан байна. Үүний сацуу Хятадын эрдэмтэд квант компьютер зохион бүтээж байгаа боловч америкчуудаас нэлээд хэдэн жилээр хоцорч байгаа юм. 
 
Гэхдээ квантын технологи нь зөвхөн компьютероор хязгаарлагдахгүй. Маш хурдтай, хамгаалалт сайтай харилцаа холбооны системийг бүтээхэд уг технологийг ашиглах боломжтой. Энэ тал дээр Хятад улс давамгайлж байж мэднэ. “Квантын эцэг” гэгддэг Пан Зяньвэй-гээр удирдуулсан Хятадын эрдэмтэд квантын харилцаа холбоо, мэдрэгч төхөөрөмж, радиолокацийн станц зэргийг цэргийн зориулалтаар ашиглах талаар өргөн хүрээтэй судалгаа хийж байна. 2016 онд Хятад улсын хөөргөсөн “Мө-зи” хиймэл дагуул нь квантын төлөв дэх фотонуудын багц цацрагуудын тусламжтайгаар мэдээллүүдийг замаас нь барьж авахаас найдвартай хамгаалан Дэлхий рүү илгээж байв. Түүнээс гадна, Хятадын хойд нутагт квантын судалгааны асар том лабораторийг 10 тэрбум доллароор барьж байна.
Тэгэхээр энэ салбар дахь хоёр улсын технологийн түвшин ойролцоо  байна гэж хэлж болохоор. Учир нь, АНУ квант тооцооллын тал дээр, Хятад улс квантын холбоо ба шифрлэгдсэн нууцыг тайлах тал дээр давамгайлж байгаа бөгөөд “тооны харьцаа” тэнцүү гэсэн үг. Гэхдээ ирээдүйд өрсөлдөөн хэрхэн өрнөхийг урьдчилан таамаглахад хүндрэлтэй байгаагийн учрыг Вашингтон дахь Америкийн Шинэ аюулгүй байдлын төвийн шинжээч Эльза Каниа тайлбарлахдаа “тус салбарын хөгжлийг тодорхойлж чадах ахиц дэвшилд хүрэхийн тулд хэдэн арван жилийн хугацаа шаардагдана” гэлээ.
Товчхон хэлэхэд, АНУ квантын тооцооллоор, Хятад улс квантын харилцаа холбооны тал дээр тус тус давамгай байдалтай байна.
 
Хагас дамжуулагч
 
Энэ салбарт тэргүүлэх зорилгоор Хятад улс сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд олон арван тэрбум доллар зарцуулжээ. Хагас дамжуулагч бол өндөр хурдтай компьютер, ухаалаг гар утас, орчин үеийн цэргийн зэвсэг техник зохион бүтээхэд хамгийн чухал элемент, эд анги юм. Америкийн хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн Холбооны мэдээллээр, Хятадад нийлүүлж буй Америкийн бичил схемийн экспортын хэмжээ сүүлийн хэдэн жилд өөрчлөгдөөгүй бол Хятадын компаниуд дотоодын зах зээлд эзлэх хувь хэмжээгээ ч нэмэгдүүлж чадаагүй байна. 2018 оны байдлаар, Хятадад борлуулсан чипнүүдийн 47,5 хувийг Америкаас нийлүүлжээ.   
Үүний сацуу Хятадын хөрш орнууд хагас дамжуулагч нийлүүлэлтийн сүлжээнд баттай байр суурь эзэлжээ. Тухайлбал, Өмнөд Солонгосын “Самсунг” корпораци ухаалаг гар утас ба бичил схемийн нийлүүлэлтээр, Тайванийн “Taiwan Semiconductor Manufacturing” компани чип үйлдвэрлэлээр дэлхийд тус тус тэргүүлж байна.
 
Зарим мэдээллийг үзвэл, Хятад улс чип үйлдвэрлэх технологийн хувьд АНУ болон Тайваниас 5-7 жилээр хоцорч байна. Хоёр өрсөлдөгчөө гүйцэж түрүүлэхийн тулд хятадуудад нэлээд цаг хугацаа шаардагдах бөгөөд учир нь, орчин үед чипний үйлдвэрлэл нэг байрандаа зогсолгүйгээр маш хурдацтай ахиж байгаа юм. Хятадууд одоогийн шилдэг загваруудтай өрсөлдөхүйц чип үйлдвэрлэж эхлэх тэр үед тус салбарт аль хэдийнэ үсрэлт гарчихсан байхыг үгүйсгэхгүй.
Гэхдээ нэг зүйлийг дурдах нь зүйтэй. Хятадууд өөрийн компаниудын үйлдвэрлэсэн олон төрлийн цахим төхөөрөмжинд суулгадаг байсан Америкийн болон бусад улсын бичил схемүүдийг дотооддоо үйлдвэрлэсэн чипээр сольсон нь америкчуудыг гайхшруулжээ. Жишээ нь, “Хуавэй” компанийн үйлдвэрлэсэн сүүлийн үеийн телешетүүдэд /ухаалаг гар утас ба планшетийг хослуулсан гажет/ америк чип огт байхгүй юм.  
Ойрын хугацаанд явуулах Хятадын стратегийн бодлого нь хагас дамжуулагчийн салбарт АНУ-аас хамаарч буй байдлыг багасгахад оршино. Энэ нь өөр нийлүүлэгчдийг /гэхдээ Хятадынх биш/ эрж хайна гэсэн үг. Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар, бичил схемийн үйлдвэрлэлд оруулж буй Хятадын асар их  хөрөнгө оруулалт нь урт хугацаандаа ямартаа ч үр дүнгээ өгөх нь гарцаагүй.
Гэхдээ яг одоогийн байдлаар, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр АНУ давамгайлж байна.
 
Жолоочгүй автомашин
 
Цахиурын хөндийд үйл ажиллагаа явуулдаг “Waymo”, “Cruise” зэрэг компани жолоочгүй автомашин турших талаар “гарааны огцом үсрэлт” хийсний үр дүнд зам дээрх саадыг илрүүлдэг камер, радар зэрэг мэдрэгч техник хэрэгслүүдийг үйлдвэрлэх тал дээр америкчууд тэргүүлэх болжээ. АНУ хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр давамгайлж байгаа нь жолоочгүй автомашины уураг тархи болсон чип үйлдвэрлэдэг Америкийн компаниудад давуу байдлыг олгож байгаа юм. Зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг “Маккинси энд Ко” компанийн өнгөрсөн оны мэдээлэлд дурдсанаар, Хятадын компаниуд жолоочгүй автомашины чухал эд ангиудыг үйлдвэрлэх тал дээр гадаадын өрсөлдөгчдөөсөө 2-3 жилээр хоцорч байгаа ажээ.
Гэхдээ ирээдүйд Хятад улс өрсөлдөгчдөө гүйцэж түрүүлэх бүрэн боломжтой. Учир нь, тус улс бол дэлхийн хамгийн том автомашины зах зээл гэдгээс гадна үндэсний аюулгүй байдалтай холбоотой янз бүрийн хязгаарлалтууд, гадаад, дотоодын компаниудын түншлэлтэй холбоотой дүрэм журмууд нь дотоодын зах зээлээ хянах боломжийг Хятадын компаниудад /Байду, Диди Чусин Текноложи, Pony.ai гэх мэт/ олгоно. Америкчуудын хувьд тэдэнтэй өрсөлдөхөд хүнд байх болно гэдгийг зөвлөгөө өгөх “Кварц” /Qvartz/ компанийн шинжээч Николай Херскинд хэллээ.
 
Хятад улс маш олон хүн амтай учраас автомашиныг жолоочгүйгээр удирдах технологийг боловсронгуй болгоход шаардлагатай асар их мэдээллийг Хятадын компаниуд олж авах боломжтой. Тэгээд ч хятадууд жолоочгүй автомашин хэрэглэх маш их хүсэлтэй байгаа ажээ.
 
Хятад улс 5G сүлжээний салбарт давамгайлж байгаа нь замын байдал, түгжрэлийн талаарх мэдээллийг дамжуулдаг,  тодорхой тохиолдолд тээврийн хэрэгслийг зайнаас удирддаг утасгүй технологийг бодит нөхцөл байдалд турших боломжийг автомашин үйлдвэрлэгчдэд олгоно. 
Харин “Делойт” компанийн салбар болох Тээврийн салбарын ирээдүйн шийдлийн төвийн /Future of Mobility Solution Center/ захирал Андрей Бердичевский ярихдаа “эрх баригчдын зүгээс жолоочгүй автомашины туршилт, технологийг хатуу хянаж байгаа учраас уг технологийг эзэмшихийн төлөөх өрсөлдөөн тус тусдаа явагдана. Америк, Хятадын компаниуд эхлээд өөр өөрсдийн зах зээлд амжилт олох  ба одоо хэрэгжиж буй дүрэм журам, хэрэглэгчдийн төсөөллөөс шалтгаалан тухайн улс дахь түншийн оролцоогүйгээр бие биенийхээ зах зээлд нэвтрэхэд хүндрэлтэй” гэлээ. 
Одоогоор жолоочгүй автомашины технологийн салбарт АНУ давуу байдлаа хадгалсаар байна.
  Эх сурвалж: sonin.mn

  • Шинэ
  • Их уншсан