УИХ-ЫН ГИШҮҮН Д. ЛҮНДЭЭЖАНЦАН БИЧИЖ БАЙНА: ДҮҮ МИНЬ

Одоогоос гучин гурван жилийн өмнө. Ээж минь гурван хүүтэйгээ авахуулсан гэрэл зургийг хараад сууж байна би. Тэнгэрт байгаа ээж минь, аав минь, ах минь, газар дээрх ганц дүүгээ гэнэтийн аюулт өвчнөөс амийг нь аварч чадсангүй юу гэж харж байгаадаа гэхээс сэтгэл өмрөх шиг болж сууна.

Ээжийн минь номхон бор нүд намайг ширтэнэ. Цагаан дарь эхийн нүд шиг тийм л энэрэнгүй нигүүлсэнгүй нүдээр намайг харж байдаг юм. Ээж бид нар зургаа авахуулахад миний ганц дүү арван дөрөвтэй ном сударт бичдэгчлэн гэнэн цагаанаараа ёстой л амьтны үр, ангирын зулзага байлаа. Ийм нэг дүүтэй болох гэж өөрөө ч гэсэн аав ээжийн гараас бараг гараагүй байтлаа би ямар их хүсдэг байв даа.

Би хэзээний хань бараа татдаг, ухаандаа ганцаардлаас айдаг хүүхэд байсан. Түүнээсээ болоод айлын хүүхдэд их сайн, хааяа нэг олдох ганц хоёр чихэр ч юм уу юу олдсоноо бусдын хүүхдэд өгчих жишээний. Миний энэ занг мэдэх манай хамар хашааны нэг залуухан ах өөрийнхөө наян литрийн лаазыг зааж ус бариад үүнийг дүүргээд өгвөл чамд бага хүүхдээ өгнө гэсэнсэн. Би үнэмшээд өдөржин хөлсөө дуслуулан худгаас ус зөөж хүүхдээ одоо л өгөх байх гэж үдэш тээр орой болтол тэднийд горьдон сууж билээ. Тэгтэл эхнэр нь өөрөө усаа авахгүй хүүхдээр ус зөөлгөөд гэж загнаж би ч хууртсанаа мэдэн гэртээ харих замдаа уйлж явсан билээ. Гэвч хүүхэд бол хүүхэд. Манай нэг нагац хүүхэд цаашлүүлдаг хэзээний зангаараа өөрийн Саран гэдэг охиноо зааж, — Чамайг энэ савтай талхыг бүгдийг нь ганцаараа идчихвэл охиноо танайд өгнө гэхээр нь тэдний ширээн дээрх хувин дүүрэн талхыг нь янцаглан сууж яаж ийгээд цөмийг нь идчихсэнд учрыг мэдсэн аав ээж маань хүүхэд хуурлаа. Талх гэдсэнд нь хөөгөөд сүйд болсон бол яана гэж загнаж их нь ичиж бага нь уйлна гэгч болов. Мөн томчуудын тоглоом миний хувьд шоглоом болох нь тэр байжээ. Мөн л тэр насандаа би нэг нохойн гөлөг олж авсан юм. Үнгэгдсэн лоовууз шиг жаахан, туранхай гөлөг өө. Түүндээ Арслан гэдэг мундаг нэр өглөө. Гөлөгтэйгөө тоглоно, хөөцөлдөнө, тэврээд л явна, эрхлүүлнэ. Гэм нь айлд тэврээд орохоор загнана, том хүүхдүүд булааж авах гэж айлгана. Тэгсэн хүссэн юм хүзүүгээр татах өдөр ирдэг байжээ. Дөч гарч явсан ээж минь төрж би хөөрхөн дүүтэй болов. Би амьдралдаа бишгүйдээ нэг баярлаж явсан ч тэр удаа хөөрхөн эрэгтэй дүүтэй болоод баясан хөөрснийхөө чинээ дахиад тэгж их баярлаагүй байхаа. Ахыгаа тэгтэл их хүлээлгэн ирсэн дүү минь ахыгаа орхин одов.

Дүү минь жаахан өлгий дүүрэхгүй амьтан байсан. Гэвч манай болоод манайхны хувьд их том. Саяхан болтол мөн ч их түшиг минь байлаа. Тэр үед ээжүүд төрөөд 45 хонов уу үгүй юу ажил төрөлдөө явцгаана. Айлын том нь багыгаа харна. Дүүгээ ах нь чирч гулдран асардаг байлаа даа.

Тэр үе маань одоо бодогдох юм. Ер нь олон юм санагдах юмаа. Харин дүүгээ байхад би ийм олныг бодож байсан болов уу гэмээр. Дүүгээ өвөртлөөд унтдаг байсан минь санагдана.

Явуу найрагчийн бичсэнээр “төөрсөн хоёр ишиг бие биенээ олоод сүргийн захад бувар бувар хивж хэвтэх”-тэй адилхан ч юм шиг. Хоёр муу үнээ, ганц бор мориндоо тэжээл бэлтгэх гэж жил бүрийн намар дүүгээ дагуулаад Хандгайт орж ойн цоорхойд өвс хаддаг байснаа санана. Толгойтын зүүн салаанд бор морио тэргэнд хөллөөд жаахан улиасны унанги цуглуулж ачаад хээр сууж хар цай, талхаа хуваан цайлж байснаа санана. Тэгж яваад хоорондоо төөрч мунгинана. Дүүгээ олж аваад аргадаж үүрээд зүтгэж явсан минь сайхан санагдана. Зун хөдөө явна гэж ах дүү хоёрт мундаг том баяр байлаа. Ээжтэйгээ төрсөн нутаг Өвөрхангайн Баян-Өндөртөө ах дүүсээрээ явж дүү минь айраг ууж, багачуултай барилдаж, хотын хүүхэд гэхэд дааганы булгианд сүрхий тогтдог байсан нь энэ л үед санаанд оров. Би их сургуульд багшлах болсон хойноо Сүхбаатарын Асгатад зуны ажлаар очихдоо дүүгээ хөдөөгийн агаарт гараг, бас эр хүн байна газар үзэг гэж оюутнуудынхаа хамт дагуулан явсан юм. Тэнд миний дүү “Хорооны хүү” нэр авч билээ. Уулаас хөөрхөн ааштай, хүн болгонтой эвтэй учир оюутнууд бүгд дүүг эрхлүүлдэг, Дарамбазаргүй ажил байхгүй учир Валентин Катаевын “Хорооны хүү” зохиолын гол баатрын нэрээр нэршсэн нь тэр.

Дүү минь багадаа хүндээр өвдөж эмнэлэгт үхэл амьдралын зааг дээр байхад надад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үе хэдэнтээ тохиосон ч аав ээжийн маань бурхан сахиус, ачит эмч нарын ачаар дүү минь үхлийн ирмэгээс эргэн ирж ах эгч нараа баярлуулж байж билээ. Ачит эмч нар Г.Нямхүү, Б.Энхравдан, Б.Төмөрбаатар гээд олон олон эмчийг дүү минь аав ээж шигээ санаж баярлаж явдаг байлаа.

Аюулт өвчин амьдралд нь ч нөлөөлсөн. Тэглээ гээд манай Монголын гурван саяын нэг Данзангийн Дарамбазар амьдралд дарлагдаагүй, амьдралынхаа жолоог сул хаяж гэлдрээгүй, юухан ч бол бүтээх гэж хэр чадлаараа эрвэлзэж явсан юм. Тэр дөнгөж 16-тайдаа албан газарт сантехникийн засварчнаар ороод чадах мэдэх бүгдээ хийж халамжит сайн хань, гурван хөөрхөн хүүхэдтэй, “Өндөр ээж” гэж зохиолд гардаг шиг “Өндөр аав” гэмээр хүнд өгөх, тус болох аргаа олж ядсан нэгэн явсныг нь хамт амьдарч ажиллаж явсан бүхэн хэлдэг. Хорвоо хатуу нүүрээ харуулсан үед бүр ч олон хүн хэлж байх шиг байна. Олны ам сайн байхтай адил тийм том маани хаанаасаа ч байх билээ таминь.

Түүний “Өндөр аав”-ын зан нас нь явах тусам улам их илрэх болсон. Өвдөж зовоод номын мөр хөөж чадаагүй, одоо хүүхдүүдээ л гэж улам их хичээх болсон. Нинжин сэтгэл гээч юм зэрэгцээд эгээрэл гээч юм байж л энэ орчлон тэнхлэг дээрээ оршдог бизээ.

Ажил тарах дөхөхөөр л над руу утасдана. “Ахаа, ажил чинь тарах гэж байна уу, Би Тулгааг /эхнэр нь/ аваад явж байна, гаднаас такси баригдахгүй шүү. Даарчихна шүү. Би очиж авья” гэнэ. Юухнаар ч болов туслах гэж хичээнэ. Туслана. Бид хоёрын ганц хөгшин эгчдээ байнга санаа тавина. Бас Оюунаа эгч /миний хань/ сургуулиа удирдаад дээр нь гэр орныхоо бүх ажлыг үүрээд их л ядарч байна даа гэж санаа зовнин хэлдэг байсан нь бодогдоно. Миний биеийг таагүй үед унтахын өмнө заавал утасдаж биеийг минь лавлахаа ч мартахгүй. Өнгөрөхийнхөө ердөө л өмнөх амралтын өдөр намайг зуслан дээр хүргэж өгөөд яаралтай Улсын их дэлгүүр орно гэсээр давхиж одлоо. Төдхөн буцаж ирэхдээ хувин дүүрэн одон бөмбөг авчирчээ. Энэ олон юмаар яах нь вэ гэсэнд таныг эмчилнэ гэнэ. Яаж? гэвэл автомат шидэгч дэндүү үнэтэй болохоор авсангүй. Би танд нэг нэгээр нь шидэж өгч хөлсийг чинь гаргаж байх гэж байгаа юм гэнэ. Урьд нь эмч намайг үзэж байгаад хөлсөө их гаргаж байвал сайн гэхийг манайхаар орж гарч явахдаа сонсож л дээ. Тэгээд намайг хөлсөлж байхаар шийдсэн нь тэр байлаа. Биднийг л гэж амиа тавьдаг, дүү минь ийм л хүн. Ийм хүн хэвээрээ сэтгэлийн огторгуйд амьдарч эхэллээ. Сайн дүүтэй болох гэж ах нь дэмий ч нэг яаран, үгүйлэн хүлээгүйг дүү минь батлаж нотлох мэт амьдарсан болоод энэ гэж гунин гансрах цагтаа бодож ээжийн минь тэртээ олон жилийн өмнө хэлсэн нэг айхтар үг эргэн хурган санагдсаар. Тэр арав гарч л явсан байх. Зуны амралтаар сурагчдын зусланд амрахаар явлаа. “Хүү минь явчихаад гэр эзгүйрээд” гэж ээж минь хэлсэн юм. Тэр сүрхий үг байжээ. Одоо бол дүү минь холын холд явчихаар гэр төдийгүй орчлон эзгүйрэхийн чинээ байх юм гэж тухайн үедээ яаж мэдэхэв. Орчлон эзгүйрсэн чинээ санагдуулах хүн гэгч яаж бага байх билээ. Дүү хүсч байхад хүүхдээ өгнө, намайг дүүтэй болгоно гэсэн хүмүүсийн хэлж байсан нь худлаа байлаа. Ээж минь дүүтэй болгоод өгөхөөр би амьдрал эсвэл амьдрах хувь заяаны аль нь надад дүү хайрлав гэж оноож мэдэхгүй ч ер нь уудам их орчлонд баярлах мэт цамцаа дэрвүүлэн гүйж явсан юм. Цагаа болохоор орчлон бас намайг хуурна чинээ санаагүй хэрэг. Хууртаж л явцгаах юм даа… Ертөнцийн зохионгуй энэ ажгуу.

Намайг багад эмээ маань өвлийн урт шөнө зулаа өргөж орондоо ороод:

Хорвоо хуурамч ертөнцийг

Хоосон чанарт бодьё

Хонисам бодисадвад

Хойд мөрөө даатгая. хэмээн Авид бурханы тарнийг монгол хэл дээр нэгэн хэмээр уянгалуулан уншсаар нэг мэдэхнээ би унтчихсан байдаг байлаа. Нээрээ л хорвоо хуурамч ертөнцийн мөн чанарыг мэдэрсээр л явна.

2015.12.21

  • Шинэ
  • Их уншсан