УИХ-ЫН ГИШҮҮН Д. ЛҮНДЭЭЖАНЦАН БИЧИЖ БАЙНА: МИНИЙ МЭДЭХ ГЕРМАН ОРОН**

2005 оны зургадугаар сард “Чингис хаан ба түүний залгамжлагчид” үзэсгэлэн ХБНГУ-ын Бонн хотноо гарч түүний нээлтэд Германы болон манай өндөр албаны төлөөлөгчид оролцсон тухай мэдээ түгсэн билээ. Охин маань эл үзэсгэлэнг үзсэн тухай сэтгэгдлээ электрон захиандаа бичиж, төдөлгүй үзэсгэлэнд тавигдсан бүтээлийн тухай ном ч надад ирсэн. Үүнийг уг үзэсгэлэнг зохион байгуулахад оролцож байгаа нутгийн дүү докторант П.Эрдэнэсүх (Жамбын Пүрэв зохиолчийн отгон хүү) явуулжээ.

Хэдэн жилийн өмнө Германы судалгааны нийгэмлэг (DFG), Германы урлаг, соёлын үзэсгэлэн зэрэг газарт ажил хэргийн уулзалт хийж байхад Монголын эзэнт гүрний түүхээр Чингис хаан, түүнийг залгамжлагчидтай холбоотой түүхэн үзвэрүүдийг уг эхээр нь байгаа орноос нь авчирч үзэсгэлэн гаргах тухай хоёр улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр яригдсаныг ажил хэрэг болгох тухай ярилцахад энэ залуу хэлмэрчилж байсныг саналаа.

Монголын нэгдсэн төр улс байгуулагдсаны 800 жилийн ойн босгон дээр энэ үзэсгэлэн гарч Герман, Австрийн хотуудад олон арван мянган хүн үзэж танилцах нь мэдээж. Хамгийн гол нь Монголын түүхтэй холбоотой түүх соёлын үнэт үзмэрүүдийг нэг дор цуглуулж нийтийн хүртээл болгож, өрнөдөд сурталчилж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Энэ үгийг бас миний найз нэрт эрдэмтэн, Хайдельбергийн их сургуулийн профессор Рудигер Вольфрум гуай өндөр Гэгээний даншгийн үеэр уулзахдаа хэллээ. Дашрамд хэлэхэд, Вольфрум профессор Монголд тун элэгтэй нэгэн бөгөөд олон залуу эрдэмтнийг Германд бэлтгэхэд тусалсан буянтан. Сая ирэхдээ олон зүйл хөөцөлдөхөөр сэдчихсэн явна. Үүгээр хамгийн сүүлд миний Германтай холбоотой тэмдэглэл түр завсарласан байна.

Ер нь Германд явж байхдаа хөтөлсөн 2–3 дэвтэр дүүрэхээр тэмдэглэл надад байх юм. Эдгээрийг дэлгэж нэг уншъя байз. Амарч байгаагийн хэрэг юу билээ. 1978 оны долдугаар сарын 4-нд Улаанбаатараас Берлин орохоор “Ту-154” онгоцонд сууснаас эхлээд хөтөлсөн тэмдэглэл одоо миний өмнө дэлгээтэй байна. Их сургуулийн гуравдугаар анги төгссөн жилээ оюутны гавшгай отрядаар 45 хоног БНАГУ-д явж ажилласан юм. Берлин хотод Ликтэнберг гэдэг районд орон орны залуус лагерь болж байрлав. Барилга дээр ажилласан. Ажил өглөөний зургаад эхэлдэг. Амралтын өдрүүдэд бусад хотуудаар аяллаар явж танилцана.

Герман оронд хөл тавих ёстой л байжээ. Үүнийг хэлдгийн учир нь 1968 онд бага сургуулийн гуравдугаар анги төгсөхөд БНАГУ-д пионерийн лагерьт явуулах болов. Сургууль сургуулиас нэг нэг хүүхэд гадаадад амраадаг байсан. Тухайн үедээ Улаанбаатар хотод сургууль цөөвтөр байсантай л холбоотой байх даа. Гэтэл явахын даваан дээр гэнэт болих шийдвэр гарчээ. 1968 оны Прагийн хавартай холбоотой байх. Ангийн хүүхдүүд нэг нэг төгрөг цуглуулж аль эрт надад өгсөн гээд бодчих. Гэтэл их сургуулийн гуравдугаар ангиа төгсөөд л арван жилийн дараа явж байна шүү дээ.

Долдугаар сарын 14.

Өглөөний 6 цаг 30 минутад галт тэргэнд сууж Ваймарын зүг гарлаа. Берлинээс Ваймар 300 км. Гурван цаг гаруй яваад ирлээ. Хамгийн өндөр байшин нь барилга архитектурын дээд сургуулийн оюутны дотуур байр. 224 номерын өрөөнд дөрвүүлээ оров. Гёте, Шиллерийн хөшөө, Бухенвальдад тус тус цэцэг тавилаа. Гёте, Шиллер нарын гэр музейг үзлээ. Гётегийн 144 боть өрөөстэй байна. Маш их цуглуулгатай хүн байжээ. Гёте сайн зураач, эмч, зохиолч хүн байжээ гэж тэмдэглэсэн байна.

Дараа нь Эттербергийн ууланд байх Бухенвальдын хорих лагерьт очиж үзсэн байх юм. Д.Пүрэвдоржийн “Бухенвальдаас ярьж байна” гэдэг найраглал “Цог” сэтгүүлд гараад удаагүй байсан цаг. Би цээжээр уншдаг байсан юм. Энэ найраглалын мөрүүд миний санаанд тодхон байна гэж тэмдэглэжээ. Хамгийн хүнд хэсэг нь хүүхдүүдийг хорьж байсан хэсэг. Зүрх шимширч явлаа. Энд дайны үед хоригдож байсан Зөвлөлтийн улс төрийн хоригдлын өрөөнд (улс төрийн хоригдлуудыг нэг нэгээр нь ганцаарчлан хорьдог байжээ) манай ардын зураач Амгалан гуайн “Ээжээ сайн байна уу” гэдэг мандаж байгаа нарны наанаас хувинтай ус бариад ирж яваа ээж рүүгээ хүү нь тэмүүлж буй алдартай зургийг орон дээр нь ар гэрийнхэн нь баглаа цэцэгтэй тавьсныг үзээд эх орныхоо нэрт уран бүтээлчээр бахархах сэтгэл төрж билээ.

Ваймараас Берлин ирэх хооронд оюутны отрядад хамт явсан Ю. Мөнх-Амгалан гэдэг монгол хэлний ангийн оюутан (одоо шинжлэх ухааны доктор, профессор болсон) бид хоёр тэр цагт нэг зүйлийг сэдэв. “БНМАУ-ын төр, эрхийн түүх” их хэмжээ гурван боть, бага хэмжээ хоёр боть, зургаан хэсэгтэй байхаар, бичих хугацаа 15 жил гэж тэмдэглэсэн байна. Гэтэл 19 жилийн дараа буюу 1997 онд өөрийн багш, академич Ж.Болдбаатартай хамт “Монгол Улсын төр, эрх зүйн түүхэн уламжлал” нэртэй сурах бичиг бичиж хэвлүүлсэн юм. Олон жил санааны мухарт явсаар ийнхүү нэг боть болон гарсан энэ номонд маань шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал олгосон юм.

Долдугаар сарын 16.


Потсдам. Энэ хот Берлинтэй хаяа нийлэн оршдог. Хааны гүнж амьдарч байсан Цициленхоф өргөөнд гурван гүрний түүхт гэрээ явагджээ. Хятад гудамж, дурлалын цэцэрлэг зэргээр ороод оройдоо буцаж ирээд тэмдэглэл бичиж сууна. Потсдамаас Берлин орох замд зургаан герман залуу дэндүү “самуун” байв гэж бас бичжээ. Өрнөдөд өнгөрсөн зууны 70-аад оны дундуураас 80-аад он өнгөртөл секс хувьсгал гээч нь болж байсан тэр үе нь бололтой юм. Потсдам хот гэснээс “Говь хянганд тулалдсан нь” киноны зураг авалт энэ хотод болжээ.

https://en.wikipedia.org/wiki/Cecilienhof

Эндхийн хятад гудамжийг Харбин болгож, герман цэргүүд орос цэргүүд болж, Дефо кино үйлдвэрт хадгалагдаж байсан Зөвлөлтийн танкууд, хувцас хэрэгслэлийг ашиглаж, чөлөөлөгчдийг баяр хүргэн угтаж буй хятад, өвөрмонгол хүмүүст Германд дадлага хийж байсан Мах комбинатын ажилчид тоглон зургаа авахуулсан тухай Сумхүү найруулагч ярьсныг санаж байна.

Долдугаар сарын 28.

Өнөөдөр манай лагерь хөл хөдөлгөөн улам ихтэй боллоо. Дэлхийн залуучууд, оюутны XI их наадмын нээлтийн өдөрт (Кубын нийслэл Гавана хотноо болсон) Германы бүх сонин энэ өдрийн дугаараа зориулжээ. Оройн 19 цагт бид Берлиний Гумбольдтын их сургууль дээр очлоо. Орон орны оюутнууд цуглажээ. Кафе үдэшлэг боллоо. Идэж уух юмыг ч ёстой их тавьсан байв. Муу хүн идсэнээ, сайн хүн явснаа гэдэг. Хоногт 15 маркаар хооллох ёстой, түүнээ бас хэмнэж, амьтан ах дүүдээ юухан ч болов авчихмаар санагдаад өлөн зөлмөн явсан надад ч туйлын сайхан байсныг нуух юун. Мах цадталаа идье гэж бодсон ч хоёр гурван мах үмхээд цааш ордоггүй. Ходоод агшсанаас зайлахгүй гэж бодлоо. Хоёр аяга пивоныхоо талоныг дөрвөн аяга кока коланы талоноор сольж уув. 29-ний 06–10 цаг хүртэл их наадамд зориулсан субботникт оролцов.

Хоёр Герман нэгдэж, манай улс шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш 1998 онд 20 жилийн дараа ХБНГУ-д айлчлах Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орох завшаан тохиолдов.

ХБНГУ-ын Бундестаг, Нордрейн-Вестфален муж улсын Ландтагт зочилж, Бетховены гэр музей үзэж, Хамбахын нүүрсний уурхайтай танилцлаа. Рейн мөрний савд орших нүүрсний уурхайнууд Германы хөгжилд лут ул мөрөө үлдээсэн тухай түүхийн номноос уншсанаа санаж явлаа. Энэ уурхайд ажиллаж буй машин техник, ялангуяа олон шанагат аварга эксковаторыг хараад өнөө цагийн техник технологийн ололтыг бишрэх сэтгэгдэл төрсний сацуу манай уул уурхайнхан тэднээс сурах зүйл үлэмж буйг мэдэрлээ. Олборлож ашигласан газраа нөхөн сэргээлт хийж, хиймэл ой, хиймэл нуур, хиймэл ногоон уул бүтээснийг харж явлаа. Хичнээн сайхан ногоон орчин бий болголоо ч хүний гараар бүтсэн юм болохоороо унаган байгалиа яагаад ч гүйцэхгүй нь тодорхой. Далайн усыг түрж газар бүтээн, онгоцны буудал барьж, хөрсийг нь хуулсан уурхайн гүнийг дүүргэн шинэ хөрс бий болгож байхад бид яаж байгаа билээ дээ гэж өөрийн эрхгүй сэтгэл зовсонсон.

Германд очих бүр, герман хүмүүстэй уулзан ярилцаж явахад санаж сэдэх, бодож эргэцүүлэх олон зүйлтэй тааралдсанаа олзуурхана. 1999 оны зун, намар Бонны их сургуульд хоёр сар гаруй байж профессоруудынх нь семи­нарт оролцох, баялаг номын санд нь суух боломж олдсон юм. Үүнийг би аз гэж хэлнэ. Боннын их сургуульд цагтаа Маркс суралцаж байсан юм шүү дээ. Тус их сургуулийн профессор Шилкен, Леевер, Пеффеген, Мюнхений их сургуулийн профессор Шоллер зэрэг олон профессоруудтай ойр дотно танилцаж харилцаатай болсон юм.

Леннештрасс гудамжинд байх оюутны байрны нэг өрөөнд яг л оюутан шиг хоёр сар амьдарч, өглөөд Боннын их сургуулийн ногоон цэцэрлэгт гүйж биеийн тамирын дасгал хийдэг, оюутны гал зууханд ээлжээ хүлээн цай хоолоо хийдэг, профессорын тэнхим болоод номын санд сууж ажилладаг, орой нь талх, усаа авахаар хүнсний дэлгүүр орох бөгөөд Боннын төв талбайд усан үзэм, жимс зарж буй хүмүүс “Цвай кило драй марка” (2 кг нь 3 марк гэсэн үг) гэж уянгалуулан дуудах нь сонсогдоно. Энд байхдаа Боннын их сургуулийн Монгол судлалын семинараар оров. Сэтгэлд хичнээн сайхан бүлээн дулаан уур амьсгал угтав аа. Номын өргөө хойно арга ч байж уу.

Монголч эрдэмтэн Баярс гуай сууж байна. Ханаар нь дүүрэн монголч эрдэмтдийн зураг. Лав 20–30 хүний жижиг жаазтай зураг байна. Хамгийн дээд талд нь Б. Ренчин гуай, Ц. Дамдинсүрэн гуай нарын зураг заларчээ. Энд байхдаа нэрт монголч эрдэмтэн Хайссиг гуайтай уулзсан. Нас өндөр болсон ч ухаан санаа нь саруулхан. “Монгол судлалыг хөгжүүлэхэд миний хоёр шавь (Загастөр профессор, Баярс профессор) чадлаараа зүтгэж байна. Шинэ үе гарч ирэхэд нь та ч бас манай томчуулд хэлээрэй” гэж байна. Загастөр профессор тэтгэвэртээ гарсан ч Хархорумын архелогийн экспедицэд гол баганы нэг болсоор байгаад нь баярлаж явдгаа Боннд уулзахдаа хэлэв. Төвд судлал шахаад монгол судлал жаахан хэцүү болчих гээд байна гэж сэтгэл зовинонгуй ярьж буй эрдэмтэд ч тааралдаж байв.

Нэгэн сайхан тогтуун орой Германд олон жил сурч Хайдельбергт доктор болсон Б.Мандахбилэгтэй хамт Берлиний гудамжинд гадаа хооллож суутал сайхан цагаан толгойтой нүдэнд дулаахан өвгөжөөр хүн “сайн байна уу” гэж монголоор хэллээ.

- Сайн, та Монголд байсан хүн үү гэхэд:

- Та яг оноод хэлчихлээ. 1960 хэдэн онд би Монголд мэргэжилтнээр ажиллаж байсан гэж хэлэв. Ингээд бидний хооронд халуун яриа өрнөлөө. Би Монголд ажиллаж байхдаа монгол ажилчдад үнэхээр дургүй хүрдэг байсан. Цаг барьдаггүй, юм л болбол сууж дэмий ярих гээд. Дараа нь Африкийн нэг улсад очлоо. Гэтэл тэнд ямар байсан гэж санана. Миний хамгийн тааруу байдаг хоёр монгол ажилчнаас хэд дахин залхуу, бүдүүлэг байсан. Би ч Монголд ажиллаж байхдаа жаргаж явж дээ гэж бодогдсон шүү. Түүнээс хойш Монголын тухай сонсохоор сэтгэлд нэг л ойр санагддаг болсон юм. Харин саяхан Африкийн хоёр гурван орноор яваад ирсэн. Их өөрчлөгдсөн байна. Танайх ч одоо шал өөр болоо байх даа гэж үнэн голоосоо илэн далангүй ярьж билээ. Тэр хүний нэрийг тэмдэглээгүй К.Ш гэсэн байна. Хэвлэлийн комбинатад ажиллаж байсан гэсэн санагдана.

Би үүний дараа Мандахаас асуусан юм. Германы хөгжлийн нууц юу вэ? гэж. Ажилсаг, хөдөлмөрч, хичээнгүй байх гэж шууд л хариулав.

Герман хүн хүн хулхиддаггүй, цаг нарийн барьдаг, тооцоотой гэж яригддаг байхаа гэвэл хөдөлмөрч, ажилсаг хүмүүс л цагийг нарийн барьдаг, хөлс хүчээ шингээсэн хүмүүс мөнгө, эд зүйлдээ хайр гамтай ханддаг нь ёс л байхгүй юу гэв. Нээрээ ч тийм дээ. Энд байгаа манай монгол залуучууд ч бас бахархмаар юм. Лав л Боннд байгаа манай оюутан, магистрантууд гэхэд цаг нартай уралдан сурч мэдэх гэж мэрийсэн, хоол хүнс, өмсөж зүүхээ өөрсдөө л ажил хайж явж олдог, ийм л залуучууд байх юм. Бусад хотод очоод оюутнуудтай уулзахад ч ийм дүр төрхтэй залуучууд байна. “Манай үеийн баатар” сэхээтний дүр төрх бүрэлдэж байна. Монголдоо очоод ихийг бүтээнэ гэдэгт итгэнэм гэж тэмдэглэсэн байх юм.

Бонны их сургуулийн эрүүгийн эрх зүйн профессор Пеффген миний шавь Батхишиг бид хоёрыг Кельний алдарт цогчин сүмийн хажууд газар доор байх эртний Ромын түүхийн музейг урьж үзүүлсэн юм. Нийтийн тооллын өмнөх зууны үед Византийн нийслэл байсан энэ газар уг ордонг архелогийн малтлагаар гаргажээ. Сократ, Платон, Аристотель, Пифагор тэргүүтэн философичдын зурагтай шаланд нь тэр аяараа элдэв хээ угалз алаглан байх юм. Манайхаас гаралтай гэж бодож явдаг байсан түмэн насан хээ (хас хээ), алхан хээ ч тэнд байсан даа. Дараа очихдоо дахин сайн үзье гэж бодож байна. Тэгэхээр даяаршил гэдэг чинь өмнөх соёл иргэншлийн үед байсан юм биш үү.

Олон шинжлэх ухааны нарийн тооцоогоор хийгдсэн зүйлүүдийг нь одоо ч тэр түвшинд хийхэд бэрхтэй гэнэ. Энэ их том соёл иргэншил мөхжээ. Мөн гайхалтай соёл иргэншил оршиж байж шүү гэж би дуу алдлаа. Пэффген профессор надад хэлж байна.

Энэ их соёл иргэншил мөхсөн нь үнэн. Энэ сайхан бүтээл, уран барилга тэргүүтэн алга болжээ. Гэтэл Ромын эрх зүйн систем нь одоо ч үйлчилж байна. Эрх зүйн цоо шинэ системийг бүтээх гэж яаж ч оролдоод буцаад л Ромын эрх зүйн систем дээр буучихдаг. Оюуны өмчийг устгаж чадахгүй мөнх байдаг юм даа гэж билээ.

Монголынхоо нэртэй хуульчидтай хамт Германы шүүхийн тогтолцоотой нэлээд хэдэн муж улсад очиж танилцсан. Германы шүүхийн тогтолцоо өвөрмөц, Үндсэн хуулийн шүүх, захиргааны шүүх, эрүү, иргэний (ердийн шүүх), санхүүгийн шүүх, хөдөлмөрийн шүүх зэрэг дагнасан шүүхүүд байх юм. Эдгээрийн холбооны хэмжээний Дээд шүүхүүд өөр өөр хотод байрласан нь бас онцлог. ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх гэхэд Карлсруэ хотод, захиргааны дээд шүүх нь Лейпциг хотод, санхүүгийнх нь Мюнхэн хотод гэх мэт. Би үүнээс жишээ аван арбитрийн шүүхийг ч болтугай Хархоринд байгуулчихвал болохгүй нь юув гэж бодож л явсан. Компанийн захирлууд давхиад л очно биз. Учир нь төрийн байгууллага тэнд ажилласнаар хотуудаа дэмжиж байгаа хэрэг. Ядахдаа зочид буудлын орлого ч болсон нэмэгдэнэ. Зам харилцаа сайтай газарт байдаг л зүйл. Манайд тэр болгон боломж муутай нь үнэн.

Өөр нэг тэмдэглэсэн зүйл бол Германы холбооны улсын болон муж улсын дээд шүүхийн шүүгч бүрийн үүдний хаягт доктор гэж бичээгүй шүүгчийг хайгаад олсонгүй. Германд докторын зэрэг хамгаалахад ямар өндөр чадавхи шаарддагийг гадарлаж ядах юун. Шүүхүүдэд ийм л өндөр эрэмбэтэй хүмүүс ажиллаж, шударга ёсыг сахиулж байдаг. Үүнийгээ тэд эрх зүйт төр гэж нэрлэдэг юм байна. Хууль иргэн бүрт тэгш үйлчилж чаддаг, ар өврийн хаалга, танил тал харах гэсэн ойлголт байдаггүй газар. Дээр нь хуулийн нэг, хоёрдугаар шалгалт гэж лут юм байна.

Рейн мөрний хөвөөний нэг тосгонд намрын ургац хураалтын баяр болох дарсны баярт оролцож Мюнхэний шар айрагны клубт Баварийн Мюнхэн баг нь ялалт байгуулсныг тэмдэглэж, бие биенийгээ танихгүй ч гэсэн тэврэлдэн баярлалдах мюнхенчүүдтэй грушиктэй шар айргаа харшуулан “цумвооль” гэж сэтгэл хөдлөн тулгаж явсан үе маань нүдэнд харагдах шиг болж байна.

Дэлхийн гайхамшгийн нэг Кельн дом буюу Кельний цогчин сүм суурин соёл иргэншлийн гэрч болон үлджээ. Түүний суурийг эрт тавьсан боловч Бат хааны довтолгооноос болгоомжилж 80 жил хойшлуулсан гэж ярьдаг. Уг сүмийг 400–500 жил барьсан гэдэг. Дэлхийн II дайны үед уг сүм нэг хоёр сум туссаныг эс тооцвол бүрэн бүтэн үлдсэн юм байна. Америкийн нисэгчид нисэхдээ баримжаа болгодог учраас бүтэн үлдсэн гэдэг. Үнэхээр сүрлэг аугаа барилга даа. Бонн хот Кельнтэй залгаа оршдог юм.

2003 оны аравдугаар сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдтэй Кельнд очиход тэнд сурч байсан миний охин Дэжээ халуун савтай цай, хуушууртай биднийг угтсан билээ. Кельн сүмд орж эртний Византийн чулуун замаар явж байхдаа төрсөн сэтгэгдлээ дор буулгалаа.

               Кельний нулимс

Бууршгүй үзэсгэлэнгийн

Бэлгэ тэмдэг

Буурал Кельний сүм

Хараа булаана.

Домогт Рейний

Намуун урсгал

Довтлох хөлгийн ард

Ярагдан хоцорно.

Тэртээ Византын

Чулуун зам

Тэнгэр борооших тусам

Өнгө орно.

Эртний түүхийг

Гэрчлэн, гэрчлэн

Эгшдэггүй нулимст

Кельний туг намирна.

Ахуй амьдрал

Жаргал зовлон

Алив бүхнээ

Аврах гэж

Аргадаж

Атиллад өргөсөн

Арван нэгэн мянган охин

Алдарт Кельний туганд

Арван нэгэн нулимс болсон гэж

Хүний газар эргэж очиход

Миний охин аавдаа ярилаа.

“Домог ч бай, үнэн ч бай

Нулимсны цаадахыг мэдэж яваарай

Дорой хэнд ч гэсэн туслаж яваарай”

Дорнын талын малчны үр

Аав нь хүүдээ захилаа.

  • Шинэ
  • Их уншсан